Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Д.НАНДИНЦЭЦЭГ: СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА ХҮЛЭЭГДЭЖ БАЙГААГААС ШАЛТГААЛАН БИД ДӨРВӨН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургуулийн шинэ барилгын ажлын явцын талаар тус сургуулийн захирал Д.Нандинцэцэгээс тодрууллаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэцагаан суманд баригдаж буй сургуулийн шинэ барилгын ажил яг одоо ямар шатанд байна вэ?

Баярлалаа. Уншигч та бүхэндээ мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын, Б.Алтаншагай захиралтай Дэвшилт пропертиц  ХХК нь  улсын төсвийн 4.6 тэрбумын санхүүжилттэй 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажлыг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэж байсан. Ажил 2020 оны 4 дүгээр сард эхэлсэн. Дүүргэлт нь 55 хувьтай, дотор  тасалгаа өрлөг дууссан. Яг одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэйгээр барилгын ажил зогссон байгаа. гэрээгээр 2021 оны 09 дүгээр сарын 01-нд ашиглалтанд хүлээлгэн өгөх ёстой байсан.

Зогсонги байгаагийн шалтгааныг  та бүхэнд гүйцэтгэгч талаас хэрхэн тайлбарлаж байна?

Бид мэдээж байнга шахаж, шаардаж байгаа. БСШУЯаман дээр компанийн гүйцэтгэлийн гэрээ сунгагдахгүй хүлээгдсэн учир түр зогссон гэсэн. Одоогоор санхүүжилт нь 2,5 тэрбум төгрөг дутуу байгаа юм билээ. Харин хэдхэн хоногийн өмнө 2021 оны төсөвт гүйцэтгэлийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө нь сууж, улмаар гэрээ сунгагдсан гэх таатай мэдээ байгаа. Тэгэхээр удахгүй барилгын ажлыг үргэлжүүлнэ гэж аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас бидэнд мэдэгдсэн. Үлдэгдэл төсөв нь  2022 онд тусгагдах учир тухайн онд л бүрэн дуусах байх.

Энэ хичээлийн жилд танай сургуульд хичнээн бүлэгт хичнээн сурагч хичээллэж  байна вэ?

Манайх 12 жилийн сургалттай. Одоо 44  бүлэгт 1422 сурагч суралцаж байна . БСШУ- ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн зохион байгуулж байна. Мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн хүн хоорондын зайг  баримтлах зөвлөмжийн дагуу нэг анги  бүлэгт  хичээллэх  хүүхдийн тоо 20 +- 5 байхаар бүлэг үүсгэн зохион байгуулж байна. Бага ангийн сурагчид өдөрт сургалтын дөрвөн цаг, ахлах ангийн сурагчид өдөрт сургалтын 5-6 цагаас илүүгүй хугацаанд хичээллэж байна.

Цар тахлын байдал сургуулийн орчинд  ямар байна , урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн  хийж байгаа вэ ? 

Сургуулийн орчинд халдвараас  сэргийлэх тандалт хийх хариу арга хэмжээ авах  багийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хичээлд ирэх завсарлах тарах үеийн хөдөлгөөн халдвар хамгааллын дэглэм сахиулах, мэдээлэл бүртгэх  зэргээр коронавируст халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ авах  үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн хичээлийн байранд багш ажилтан  суралцагчийг  амны хаалттай   нэвтрүүлж орох гарах үед халууныг тогтмол үзэж, тэмдэглэл хөтөлж  суралцагч багш ажилтны өдөр тутмын ирц  эмнэлзүйн шинж тэмдэгийн  тандалт хийн ажиллаж байна. Хичээлийн байрын нийтийн эзэмшлийн талбайд  зай барих  тэмдэг тэмдэглэгээ  мэргэжлийн байгууллагаас  гаргасан  зөвлөгөө зөвлөмжийг байршуулж мөн сургуулийн гадаад дотоод орчинд цэвэрлэгээ  халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж  хэвшиж байна.

Одоо хичээллэж байгаа байрны яг бодит нөхцөл байдал ямар байна.

Анги дүүргэлтийн тоо маш өндөр байна. 480 хүүхдийн  хүчин чадалтай байранд 1422 сурагч хүлээн авч хичээл сургалтын үйл ажиллагааг дөрвөн ээлжээр 20+5 зарчмаар хичээллэж байна.

БШУЯ болоод аймгийн БСУГ-аас гүйцэтгэгч компанийг аль болох шахаж  ажиллаж байгаа гэдэг. Шинэ барилгыг даруй  ашиглалтанд оруулах  гол  шалтгаан юу вэ?

Жил  ирэх тусам элсэх сурагчдын  тоо эрс нэмэгдэж,  анги танхимын  хүрэлцээ дутмаг, бүх коридорыг анги болгож хичээллүүлж байгаа. Ангийн сандал ширээ, тоног төхөөрөмжийн хүрэлцээ маш муу, гурван ээлжинд орох өндөр эрсдэлтэй байгаа учраас шинэ барилгыг яаралтай ашиглалтанд оруулах шаардлагатай байна.

Мэдээж шинэ  байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр  олон олон давуу талууд бий болох байх?

Тэгэлгүй яахав. Шинэ барилга ашиглалтад орсноор маш олон давуу тал бий болно. Жишээ нь, стандартын шаардлага хангасан лабораторийн анги танхимууд бий болно, анги танхимын хүрэлцээ нэмэгдэнэ, багшид ноогдох хүүхдийн тоо багасч нэг ангид суралцах сурагчдын тоо үндсэн нормдоо очно. Мөн хичээл сургалтаас гадуурх хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Одоогийн нөхцөлд олон зүйлээс шалтгаалан хичээлээс гадуурх үйл ажиллагаа зогсонги байдалд байна.  Харин багш ажилчдын тухайд тэд ажлын байран дээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх орчин нөхцөл сайжрах юм.  Ер нь тэгээд шинэ тохилог сургуульдаа орсноор сурагчдын идэвх, хандлага дагаад сайжирч, багш нар маань ч урам зоригтой сайхан ажиллана шүү дээ.

Таны зүгээс холбогдох газруудад уламжлах  хүсэлт юу байна?

Сургуулийн барилгын барих үйл явцыг эрчимжүүлж, яамны зүгээс тухай тухайн ондоо шаардлагатай төсвийг хугацаанд нь шийдвэрлээд яваасай гэж хүсч байна. Ингэвэл хаа хаанаа хүлээлт үүсэхгүй шүү дээ. Бид ч эндээ давхар хяналт, шаардлагаа тавьж ажиллах болно. Ингэвэл барилга хугацаандаа ашиглалтад орж чадна. Тэгэхээр энэ бол ганц миний биш манай багш ажилчид, сурагчдын маань хүсэлт юм. Бидний зүгээс шинэ сургуулийг 2022 оны 06 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулах хүсэлтэй байна.

Ярилцсан Т.Одончимэг