Сүхбаатар аймгийн Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Хийгдэж байгаа ч гэж дээ, тэднээс бүтэн босоод, ашиглалтад орсон нь цөөн. Энэ нь барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай шууд холбоотой байдаг. Үүний нэг жишээг өгүүлье…
Баяндэлгэр суманд улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлсэн байдаг. 2020 оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх байсан хэдий ч гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилгын ажил зогсож, үүнээс болж тус сумын 200 гаруй хүүхдийн эрх зөрчигдөж байна.
Барилгын гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Оточ ноёдууд ХХК. БШУЯ-аас нийт санхүүжилтийн 48 хувийг шийдвэрлэсэн. Уг санхүүжилтээр газар шорооны болон барилгын суурь, угсралт, нэг давхрын гадна өрлөг зэрэг ерөнхий ажил хийгджээ. Мөн өнгөрсөн зун гадна шугамын сувгийн ажлыг эхлүүлээд орхижээ. Үүнээс хойш ямар ч ажил хийгдээгүй байна.
Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Р.Отгонсүрэнгээс энэ талаар тодруулахад, барилгын ажил 2020 оны 9 дүгээр сараас хойш бүрэн зогссон. Бүр гацсан гэж ойлгож болно. Сум орон нутгийн удирдлагууд, аймгийн Боловсролын газар, Барилгын хөгжлийн төв гээд холбогдох газруудаас байнга шахаж шаардаж, хөөцөлдөж байгаа ч үр дүн гарахгүй байна. Гүйцэтгэгч талаас бидэнд санхүүтэй холбоотойгоор үйл ажиллагаа зогссон гэх тайлбарыг өгдөг ч нарийн хэрэг дээрээ энэ компани нь ажил хийх бүрэн хүчин чадалгүй, бүх ажлаа өөр өөр туслах компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлдэг юм билээ. Тэд нар нь хариуцсан ажлаа хагас дутуу хийсэн болоод хаяад явчихдаг. Тендерээр ажил гүйцэтгэхээр болсон байтал компанийх нь захирал энэ хугацаанд нэг ч удаа манай суманд ирээгүй, өөрөө энэ ажилтайгаа танилцаагүй яваа гэсэн үг. Мэдээж гүйцэтгэл нь ийм муу байгаа болохоор дараа дараагийнх нь хөрөнгийг шийдвэрлэхгүй байгаа болов уу. Шинэ барилгатай болж байгаа гээд яг үнэндээ бид ямар ч шинэчлэл , бусад хөрөнгө оруулалтуудыг хийж чадахгүй байна. Ингэснээр багш ажилчид болон цэцэрлэгийн маань 200 гаруй хүүхдийн эрх үнэхээр ноцтой зөрчигдөж байна гэж тэрээр хэллээ.
Баяндэлгэр сум цэцэрлэгийн насны 460 гаруй хүүхэдтэй. Хуучин цэцэрлэгийн барилга нь 2007 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2008, 2011 онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн. Гэвч анги танхимын хүрэлцээ муу учир сүүлийн жилүүдэд багш ажилчид гэрт байрлаж ажлаа хийж байна. Дөрвөн гэрийг цэцэрлэгийнхээ ажлын өрөө буюу оффис болгожээ.
Цэцэрлэгийн зүгээс сумынхаа хүүхдүүдийг бүрэн хамруулахыг зорин ажилладаг. Иймд зарим тохиолдолд гэрт сургалтын үйл ажиллагаагаа явуулах үе ч байдаг. Энгийн үед нийт хүүхдийн 300 орчим нь цэцэрлэгт хамрагдаж чаддаг. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор одоо долоон бүлэгт дөрөв, таван насны 134 хүүхэд хамрагдаж байна. Гэвч энэ цэцэрлэг нь өрөө тасалгааны зай талбай бага, унтлагын өрөөгүй, урлаг соёлын заалгүй гээд асуудал их.
Харин цэцэрлэгийн шинэ барилгын тухайд стандартын дагуу баригдаж байгаа учир дээрх асуудал бүгд шийдэгдсэн. Мэдээж тус цэцэрлэгийн 32 багш ажилтанд шаардлагатай рөө тасалгаа ч бий. Ийнхүү багш ажилчид, хүүхдүүд шинэ байрандаа 2020 оны хичээлийн жилээс хичээллэж эхлэх байсан ч хоёр жилээр хойшилж, ажил нь гацан тэднийг одоо ч хүлээлгэсээр байна.
Ажлын хариуцлага алдсан компанийн хамгийн гол хохирогч нь Баяндэлгэр сумын хүүхдүүд, цэцэрлэгийн багш ажилчид болж, тэдний эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих, ажиллах эрх зөрчигдөж байна.