Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГШ ТОДОРЧ, ХОЁР ӨРӨӨ БАЙРААР ШАГНУУЛЛАА

Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас зохион байгуулсан Шилдэг багш-2021 төслийн үйл ажиллагаа өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Сүхбаатар аймгийн Шилдгийн шилдэг багшаар Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн технологийн багш Б.Энхнаран тодорч цоо шинэ хоёр өрөө байраар шагнууллаа.

Үнэхээр сайхан тэмцээнд орж, санаанд оромгүй олон сорилтуудыг давж энэ амжилтад хүрлээ. Энэхүү боломжийг олгосон сургуулийнхаа хамт олонд, мөн анх намайг энэ сургуульд багшаар ажилд авсан тухайн үеийн захирал Л.Байгалмаадаа баярлалаа. Тэр үед намайг энэ хамт олон хүлээж аваагүй бол би өнөөдөр ингээд зогсож байхгүй байсан. Мөн үргэлж дэмжиж ар талыг минь дааж, сэтгэл амар ажлаа хийх боломжийг үргэлж олгож байдаг ханьдаа, буян заяатай гурван хүүхэддээ ,гэр бүл найз нөхдөдөө баярлалаа. Анх энэхүү уралдаан зарлагдаж байх үед шинэ байрны зурагнийх нь дотор талд гэр бүлийнхээ зургийг эвлүүлээд, ханандаа наачихаад хараад мөрөөдөж хэвтэж байлаа. Өнөөдөр мөрөөдөл минь биелэлээ. Гайхалтай сайхан байна. Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын залуус өнөөдөр Б:Энхнаран гэдэг гэдэг ганц багшийг биш хоёр багшийг байраар шагналаа. Учир нь гэр бүлийн маань хүн ч гэсэн багш мэргэжилтэй гэж Шилдэг багш Б.Энхнаран сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Энхнаран нь боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж бйагаа бөгөөд урлаг судлалын магистр зэрэгтэй аж.

Мөн шилдэг захирлаар Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал Ч.Алтаннавч, шилдэг сургалтын менежерээр Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Д.Уугансүрэн шалгарч тус бүр таван сая төгрөгийн эзэн боллоо.

Ч.Алтаннавч: Аавынхаа нэрээр дуудуулж авсан анхны минь шагнал байлаа

Юуны өмнө хамт олондоо баярлалаа, энэ сайхан арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын залуусдаа баярлалаа. Би 23 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж байна. Олон олон хүмүүсийг шагналд тодорхойлж, гардуулан өгч, амжилтад хүргэж байсан ч аавынхаа нэрээр дуудуулж авсан анхны шагнал маань энэ байлаа. Төрийн болон ТББ-аас өмнө нь шагнал авч үзээгүй. Тиймээс энэ шагнал маш их үнэ цэнтэй санагдаж байна. Нөгөө талаар энэ бол миний хамт олны амжилт. Нэг өдөр, нэг жилийн биш боловсролын салбарт орж ажиллаад өөрийн гэсэн удирдахын арга барилаар ажиллаж байгаа есөн жилийн маань ажлын үнэлгээ гэж ойлгож байна. Миний хувьд удирдах ажлыг сүүлийн 15 жил хийж байна. Хүмүүсээ зөөлөн аргаар буюу бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг зарчмыг баримтлан ажилладаг. Ажилчдаа аз жаргалтай, сэтгэл тайван ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлж, ямагт дэмжиж ажиллах тал дээр өөрийн гэсэн менежментийг барьж ажилладаг.

Д.Уугансүрэн: Амжилтын маань гол үндэс бол хамт олон минь

“Би боловсролын салбарт 16 дахь жилдээ, сургалтын менежерээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ бол надаар төлөөлүүлж манай хамт олонд өгч буй шагнал гэж ойлгож байна. Багшийн ажлыг үнэлэх, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх, манлайллыг дэмжих ажлыг зохиож байгуулсан Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж бахархаж байна. Миний хувьд Уулбаян сумын унаган хүүхэд. Сумынхаа сургуульд сурсан, их сургуулиа төгсөж ирээд төрөлх сургуульдаа 10 жил Монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан. Энэ хамт олныхоо дундаас төрөн гарч, тэднээр тэжээгдэж өнөөг хүрсэн болохоор үргэлжлүүлэн сумынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудад мэдлэг боловсрол түгээх ажлыг хийж байгаа болохоор маш сайхан байдаг. Бидний амжилтын гол түшиг бол багш нар маань шүү дээ.Тиймээс багш нараа зөв зохион байгуулалтаар удирдаж, бүх зүйл дээр нэгэн цогц байлгахыг хичээн ажилладаг.

Шилдэг багш уралдааныг 2022 онд дахин зарлж, нийт 40 багшийг эхний шатанд шалгаруулж, мөн шилдгийн шилдэг нэг багшийг хоёр өрөө байраар шагнана гэдгээ Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын тэргүүлэгч Т.Баярхүү мэдэгдсэн билээ.