Сүхбаатар аймагт 2016 оноос хойш мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Дарьт шүтээх ХХК-ийн Баян тал үйлдвэр бүтээгдэхүүнээ дотоодын хэрэглэгчдэдээ нийлүүлэхээс гадна 2021 оноос эхлэн Иран улс руу хурганы мах экспортолж эхлээд байна. Одоогоор 200 орчим тонн хурганы махыг хүнсний зориулалтаар Иран улсад экспортолжээ.
Манайх дотоод болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн үйл ажиллагааны дүгнэлт, технологийн урсгал хүлээн авагчдын стандартад нийцсэн байх үүднээс бүтээгдэхүүнийхээ чанар, ангилан ялгалт, савлагаа, баглаа боодол гээд бүхий л зүйлсийг сайжруулж, хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцүүлэхийг зорин ажиллаж байна. Тэмээнээс бусад бүх төрлийн гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан малын махыг мөн гэдэс, толгой шийр гээд идэж хэрэглэж болох бүхнийг эцсийн бүтээгдэхүүн болгон нийлүүлдэг. Энэ маань ч эхнээсээ хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа. Мөн манай үйлдвэрийн нэг онцлог бол бид улирал харгалзахгүйгээр тогтмол үйл ажиллагаага явуулдаг. Ингэснээр оргил ачааллын үед 50-60, бусад үед 30 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байна гэж Баян тал мах бэлтгэх үйлдвэрийн захирал Б.Энхцэцэг яриалаа.
Тус үйлдвэр Улаанбаатар хот дахь хэрэглэгчдэдээ зориулж бэлтгэж савласан махны хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, мөн нэрийн дэлгүүрээ Хан-Уул дүүрэгт нээжээ.