Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Б.БАТХҮРЭЛ: ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАНА

Сүхбаатар сум ирэх жилүүдэд төмс хүнсний ногоогоо 100 хувь, талх нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүнийнхээ тодорхой хувийг орон нутагтаа үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлжээ. Харин үүнийгээ хоршоог хөгжүүлэх замаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай сумын Засаг дарга Б.Батхүрэл яарьж байна.

Тэрээр хэлэхдээ, Сүхбаатар суманд хороошны үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд төдийлөн сайн байгаагүй. Хоршиж явах, хоршооны ач холбогдлын талаар иргэдэд хүлээлт мэдээж байгаа. Сум орон нутгийн зүгээс ч хоршоог дэмжих, хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа. Мэдээж бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд улс, аймгийн төсвийн хөрөнгөөр хийгддэгээрээ хийгдээд явна. Тиймээс цаашид иргэдээ ажилтай орлоготой байлгах, нийгэм эдийн засгийн дэвшилтэт бодлого хэрэгжүүлэхийн төлөө засаг даргын хувьд зорин ажиллаж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан, төлөвлөсөн ажлууд бий. Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг хоршоог дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг иргэдэд хүргэх үүднээс эхний ээлжинд хоршооны зөвлөгөөнийг хийсэн. Үүгээр иргэд, малчид маш их мэдээллийг олж авсан. Бид ч юунаас эхлэх, хэрхэх ёстойгоо ойлгосон. Тиймээс манай суманд хэрэгжиж буй дэлхийн донор байгууллагын хоёр төсөлтэй хамтран хоршооны хөгжлийг илүү хурдацтай, үр дүнтэй болгох боломж бий гэж харж байгаа.

Бид 2022 онд хоршоо хөгжүүлэх сангаар дамжуулж 150 сая төгрөгийн зээлийг иргэн, ААНБ-д олгоно гэж төлөвлөсөн. Одоогоор 170-аад сая төгрөгийн хөрөнгө санд төвлөрсөн. Мөн уул уурхайгаас орж буй орлогоо зөв зүйлд зарцуулж иргэдийн санаачилж байгаа ажилд зөв зөрцуулж чадвал аль аль талдаа үр дүнтэй. Энэ талаараа ч Сүхбаатар суманд хоршоо хөгжих боломж бүрэн дүүрэн байна гэдгийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Авирмэд тодорхойлсон. Сүхбаатар сум цаашид төмс хүнсний ногоогоо бүрэн, талх нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүнийнхээ тодорхой хувийг орон нутагтаа бэлтгэдэг болох зорилтыг дэвшүүлсэн. Мэдээж тэргүүлэх салбараасаа хөрөнгө оруулалтаа эхлүүлнэ гэв.