УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, АМГТГ, Канадын Мэрит төсөл хамтран тус аймагт “Эрдэс баялагийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж шийдэл” сэдэвт зүүн бүсийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Төв аймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар болон уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож байна.
Уул уурхайн салбарын түүхэн гэрч болсон нутгаас хэлэлцүүлгийг эхлүүлж байгаадаа баяртай байна. Одоо ч энэ нутагт Төмөртийн овоо, Тамсаг, Адуунчулуу зэрэг олон уурхай амжилттай ажиллаж улс, орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж, орон нутгийн иргэд, залуусыг ажлын байраар хангаж байна. Энэхүү хэлэлцүүлгээс төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн энэ салбарын талаарх бодит мэдээллийг авч, харилцан санал солилцох, үүсээд байгаа саад бэрхшээлээ ил тод ярилцаж, гагцхүү гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь хамгийн чухал гэдгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээлтийн үгэндээ онцлов.
Сүхбаатар аймгийн хувьд уул уурхайн компаниудтайгаа жил бүр гэрээ байгуулж, хамтран ажилладаг. Тэднээс орж ирсэн хөрөнгийг санд төвлөрүүлж, хуулийн дагуу зарцуулалтыг хийж ирсэн. Энэ жилээс тогтвортой үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тал дээр онцголойн анхаарч байгаа. Эхнээсээ бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээг байгуулсан гэдгийг Сүхбаатар аймгийн удирдлагууд танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцогчдод танилцуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд цаашид бүсчилэн хэлбэрээр үргэлжлэн зохион байгуулагдах юм.