“Эрдэс баялагийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж шийдэл” сэдэвт зүүн бүсийн хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төр, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд үүсч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн байгууллагуудаас салбарт авч хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээний талаар оролцогчид санал солилцож байна.
Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа уул уурхайн компаниуд төр захиргааны байгууллага, орон нутгийн удирдлагуудтайгаа нэг зүгт харж, бүрэн хамтарч ажиллаж чаддаггүй, нөгөө талаас нутгийн иргэд үйл ажиллагаа эрхлэгчдийн талаар мэдээлэл дутмаг, буруу ойлголттой байдгаас болж гурван талд үл ойлголцол, маргаан үүсэх асуудлууд элбэг байдаг. Хэт өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт бүхий нийгмийн хаиуцлагын гэрээ байгуулахыг төрийн зүгээс шаарддаг түгээмэл асуудал орон нутагт байна гэдгийг АМГТГ-ын дарга Л.Баярмандал хэлсэн. Тиймээс хоёр дахь өдрөө үргэлжилж буй хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг нэгтгэн болгон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ямар асуудлыг тусгаж болох, шууд шийдвэрлэж болохоор асуудлыг олон талын оролцоог хангасан байдлаар зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарах болно гэж УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал хэллээ.
Цаашид төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамтарсан уулзалтыг тогтмол зохион байгуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, сурталчилгааг тогтмол хийх, орон нутагт АМГТГ-ын төлөөлөгчийн нэгжийг байгуулах, салбарын төрийн захиргааны байгууллага, орон нутгийн харилцан холбоог сайжруулах шаардлага байгааг талууд онцолж байна.