Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

М.ИДЭРБАТ: ЗӨВХӨН ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Сүхбаатар аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн команиудтай жил бүр нийгмийн хариуцлагын гэрээг байгуулдаг. Цаашид ч энэ жишгээр хамтарна. Ингэхдээ зөвхөн хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хамтран ажиллах бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, тухайн сум орон нутагтаа ямарч үр өгөөжгүй компанитай хамтрах боломжгүй, цаашид дэмжихгүй гэдгээ аймгийн Засаг дарга М.Идэрбат эрдэс баялагийн салбарынханы хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ.

Мөн тэрээр, уул уурхай бол яалт ч үгүй улс, орон нутгийн эдийн засгийг бүрдүүлэгч томоохон салбар. Гэвч энэ талаар зөв ойлголт мэдээллийг иргэдэд өгөхгүй бол ар араасаа сөрөг асуудлуудыг дагуулдаг. Тийм ч учраас бид энэ асуудлаа бүсийнхээ хэмжээнд хамарч хэлэлцэх, цаашлаад дэд бүтцийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр талуудын байр суурийг сонсох нь зөв гэж үзсэн. Оролцогч талуудд бүгд хэлэлцүүлэгт ач холбогдол өгч байгаа. Хамгийн гол нь орон нутгийн төлөөллүүдийн байр суурийг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж байгаа учир цаашид хууль эрхзүйн орчинд ч тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэдгийг олж хана гэж найдаж байна гэв.

Хэлэлцүүлэгт уул уурхайн компанийн төлөөллүүд оролцож санал, хүсэлтээ уламжилж байгаа. Сүхбаатар аймагт хамгийн олон жил буюу 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй компани бол Цайрт минераль. Тус компани 2013 оноос хойш орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулж, үүний дагуу жил бүр 1,5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж байсан бол өнгөрсөн оноос 1,8 тэрбум болгосон. Үүнээс гадна харуул хамгаалалт, тээвэр, хүнсний зарим нийлүүлэлтийг орон нутгийн ААНБ-уудаар дамжуулан гүйцэтгэдэг.

Цайрт минераль компанийн гүйцэтгэх захирал С.Батхүү хэлэхдээ, бидний хувьд тулгарч буй нэн чухал асуудал бол эрчим хүчний асуудал болоод байна. Энэ бол ганц манайх биш бүсийн хэмжээнд хүндрэлтэй асуудал болсон. Үйлдвэр жилд ойролцоогоор 180 удаа зогсолт хийсэн байна. 10-20 минут зогсоход л алдагдалд орж байдаг. Үйлдвэр унтраад буцаагаад асаахад маш их цаг хугацаа шаарддаг. Нөгөө талаар татварын хуваарилалтын хувьд орон нутагтаа илүү хүртээмжтэй байх тал дээр анхаарч, үүнийг зориудаар хуульд тусгах ёстой. Ингэж байж орон нутгийн иргэд уул уурхайн компанитайн үр дүнгээ мэдрэх учиртай. Ингэхдээ зүгээр шууд мөнгө гэж ойлгож болохгүй. Иргэдийн ажиллаж амьдрах, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсч хүмүүжих, сурч боловсрох орчин нөхцөл бүрдэх талаасаа үр өгөөжийг нь мэдрэх ёстой гэдгийг цохон тэмдэглэв.

Орон нутагт үйл ажиллагаа эрхлэгч уул уурхайн компанийн төлөөллүүд ч үүнтэй санал нэг байгаагаа хэлж байсан юм.