Сүхбаатар сумын ЭМТ нь 28 хүний орон тоотойгоор сумынхаа 3500 гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмнэлгийн тусламж, чанар үйлчилгээг сайжруулах зорилгоор 2022 оны орон нутгийн төсөвт 700 орчим сая төгрөгийг төсөвлөжээ.
Тодруулбал, яаралтай тусламжийн авто машин, ариутгалын автоклав авах, эмнэлгийн аюултай хог хаягдлын цэг байгуулах, гал тогооны тоногт өхөөрөмжийг шинэчлэх, алслагдсан багийн малчдад үйлчлэх явуулын амбулатор, хөдөөгийн багуудад сувилал ажиллуулах, эмч эмнэлгийн ажилчдыг орон сууцжуулахад шаардагдах санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дэлхийн эмч нарын баярын өдрийн хүрээнд тус сумын ЭМТ-өөс санаачлан сумынхаа удирдлагуудтай “Кофе юу, цай юу” чөлөөт уулзалт, ярилцлагыг хийжээ. ЭМТ-ийнхөө үйл ажиллагаа, ажлаа танилцуулж, цаашид хүний нөөцийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, салбарын ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг энэ үеэр эмнэлгийн удирдлага санууллаа. Харин сумын Засаг дарга Б.Батхүрэл, эрүүл мэндийн салбараа дэмжиж ирсэн, цаашид ч тогтмол дэмжиж хамтран ажиллана. Энэ жил байгууллагын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хангалтын асуудалд анхаарч ажиллана. Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Сум орон нутгийн зүгээс өнгөрсөн онд ЭМТ-дөө 330 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.