Аймгийн ИТХ-ын тогтоолоор сар бүрийн 25-ны өдрийг залуучуудын өдөр болгон зарласан. Энэ хүрээнд 4 дүгээр сарын 25-ны энэ өдрийг Сүхбаатар суманд “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн үеэр төрийн болон төрийн бус 12 байгууллагын үйлчилгээг тус сумын иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн юм.
Тус өдөрлөгийг МЗХ-ны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл, Сүхбаатар сумын ЗДТГ, ИТХ хамтран зохион байгуулсан юм. Залуучуудын холбооноос энэхүү өдөрлөгөө Сүхбаатар сумаас анхлан эхлүүлж байгаа нь энэ бөгөөд цаашид сар бүр нэг суманд зохион явуулахаар төлөвлөжээ.
Төрийн байгууллагуудын мэдээлэл, сургалт, олон улсын төсөл хөтөлбөр, хуулийн зөвлөгөөг иргэдэд өгч, эрүүл мэндийн тусламж, үсчин, гар утас засвар зэрэг ахуйн үйлчилгээнүүдийг нэг дор үзүүлсэн юм. Гурван удаагийн сургалт, мэдээлэлд 80 орчим иргэн, 30 гаруй хүүхэд хамрагджээ. Иргэдийн хувьд нийгмийн даатгал, хуулийн мэдээллийг илүүтэй сонирхож, мэргэжлийн шүдний эмчээс зөвлөгөө үйлчилгээг олноор авч байлаа. Ингэж олон төрлийн үйлчилгээг нэг дор авах нь иргэдийн хувьд өндөр ач холбогдолтойг сумын Засаг дарга Б.Батхүрэл онлоод зохион байгуулагчдад талархал илэрхийлэн сум орон нутгийн зүгээс залуучуудаа дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв.