Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн харьяат, урлаг судлалын ухааны доктор, соёлын элч, Титэм арт академийн тэргүүн, уран бичээч Э.Ариунболд “Их хаадын захидал” үзэсгэлэнгээ төрөлх нутагтаа анх удаа дэлгэлээ. Түүний үзэсгэлэнд 30 орчим бүтээл багтсан бөгөөд вертуал хэлбэрээр давхар танилцуулж байгаагаараа онцлог аж.
Эртний хаад олон улстай харьцахдаа дандаа захидлаар харьцдаг байсан. Тухайн үед захидалт харилцааны соёл ямар байсан юм, бичиг соёл маань ямар түвшинд хөгжиж байсан, бид ямар агуу түүхтэй ард түмэн бэ гэдгийн хамгийн тод баримт нотолгоо бол их хаадын эдгээр захидал юм. Хаадын захидлууд дэлхийн маш олон орны түүхийн архив, үндэсний музей, галерейд нь эх хувиараа хадгалагдаж байдаг. Энэ бүхийг газар газар очиж үзэх боломжгүй учир миний бие ийнхүү бүтээлдээ буулгаж, нэг дор олонд танилцуулж байна. Нөгөө талаас хаадын захидлын бичгийн дэг жаяг, төрийн албаны бичиг баримт тухайн үед дэлхий нийтийг хэрхэн эрхшээж байсан бэ гэдгийг, захидлуудын утга учир ямар гайхамшигтай вэ гэдгийг үзэсгэлэнгээс минь харах боломжтой гэж Э.Ариунболд ярилаа.
Их хаадын захидал үзэсгэлэнг аймаг, сумын ЗДТГ хамтран зохион байгуулж, ЕБС-ийн багш сурагчид, төрийн байгууллагын ажилтнуд болон иргэдэд үнэ төлбөргүй сонирхуулж буй. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Баруун-Урт сумын засаг дарга Ж.Жавхаатөгс нар оролцож, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажилд идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлж байлаа. Энэ үеэр Э.Ариунболдод Баруун-Урт сумын ЗДТГ-аас хүндэгэл үзүүлж, Сүхбаатар аймгийн Хүндэт тэмдэгээр шагнан урамшуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
Энэхүү үзэсгэлэн нь олон улс болон Монгол Улсын Төрийн ордонд хоёр ч удаа дэлгэгдэж байжээ.