Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УУЛЫН ДУГУЙН УАШТ-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймагт 2022 оны өсвөр үе, залуучуудын уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд, спортын мастер Ш.Энх-Амарын нэрэмжит болсноороо онцлог. Тэмцээнд долоон аймаг, 11 байгууллага, клубын 95 тамирчин оролцож хурд хүчээ сорин өрсөлдөв.

Ш.Энх-Амар нь 1994 онд Монгол Улсынхаа торгон хилийг 194 хоног дугуйгаар тойрч байсан гарамгай аялагч юм. Аймгийн хэмжээнд дугуйн спортоор хичээллэх хүүхдүүд болон сонирхогч насанд хүрэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад түүний оруулсан хувь нэмэр их гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.

Тэмцээн кросс болон марафон гэсэн хоёр төрөлд дөрвөн насны ангилалаар зохиогдсон бөгөөд Сүхбаатар аймгийн ЗДТГ, Баруун-Урт сумын ЗДТГ, Монголын дугуйн холбоо, аймгийн БТСГ, Шилийн богд дугуйн клуб, Алтон монголио брэнд хамтран зохион байгуулсан юм.

Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ З.Наран хэлэхдээ Сүхбаатар аймагт 2018 онд засмал замын УАШТ болж байсан. Энэ удаагийн тэмцээнийг маш сайхан зохион байгуулж дугуйн спортыг дэмжиж, сурталчилах ажилд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа Сүхбаатарууддаа баярлалаа. Дэлхийн аварга хүүг төрүүлсэн энэ нутгаас дахин тив дэлхий, олимпын олон олон аварга төрнө гэдэгт итгэлтэй байна гэв.