Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАРУУН-УРТ СУМЫН МАЛЧИД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭВ

Баруун-Урт сумын малчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 150 малчин оролцож, сумынхаа 1000 орчим малчин өрхийн өмнө тулагмдаж буй асуудлаа орон нутгийн удирдлагуудтай хэлэлцлээ. Мал хулгайлах гэмт хэрэг, бэлчээр усны асуудал, үлийн цагаан оготно, өөр аймгийн малчид олон тооны малтай ирж нутаглах, мал мах, түүхий эдийн үнэгүйдэл зэрэг олон хүчин зүйлс малчдын амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж буйг тэд тодотгов.

Баруун-Урт сум 960 гаруй малчин өрхийн 470 мянган толгой малтай. Үүнээс 716 өрх, 279,6 мянган толгой мал нь хөдөөгийн ганц баг болох наймдугаар багийнх. Тус баг нийт малынхаа тоо толгойгоор улсын 1570 багийг тэргүүлдэг. Гэвч тус өөрийн гэсэн газар нутаггүй учир малчид хил залаа сумд буюу Сүхбаатар, Мөнххаан, Уулбаян, Асгат сумдын нутагт нутагладаг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бэлчээр нутгийн маргаантай холбоотой асуудлууд үүсч байгаа нь малчдын санааг хамгийн ихээр зовоож буйг тэд хэллээ. Харин Баруун-Ут сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, нэг аймгийн иргэд, малчдын дунд ийм асуудал байж болохгүйг онцлоод, дээрх сумдын удирдлагуудтай санал солилцож, тус сумын малчид жилийн дөрвөн улиралд амар тайван, бусад сумдын нутагт чөлөөтэй нутаглаж болох тухай хэлэлцэхээ илэрхийллээ.

Малчид маань өвлийн өнтэй сайхан давсан. Одоо хур бороо орчих юм бол сайхан зун болох төлөвтэй. Багийн малчин өрхүүдийн хувьд хамгийн хүндрэлтэй нь бэлчээр, газар нутгийн асуудал байдаг. Харин энэ талаар орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч, нааштайгаар шийдвэрлэхээр болсонд таатай байна. Багийн хэмжээнд өнгөрсөн жил гүний худаг тавыг шинээр гаргасн, энэ онд дөрвөн худаг нэмж гаргуулахаар төсөвт тусгасан гэдгийг Наймдугаар багийн засаг дарга Г.Мөнгөнбаяр хэллээ.

Харин тус багийн малчин Л.Даваа-Очир хэлэхдээ, цар тахлаас шалтгаалан хэдэн жилийн дараа зөвлөгөн болж байгаа учир зорин ирж оролцож байна. Мэдээж малчидруу чиглэсэн ямар үйл ажиллагааг төрөөс явуулж байна энэ талаарх мэдээлэл маш их хэрэгтэй байлаа. Нөгөө талаар малчдын эрүүл мэнд орхигдож байгааг хэлж, малчдын хүүхдүүдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй хамруулах ямар боломж байгааг асууж тодрууллаа. Манай сумын хувьд аймгийн төвийн сум учир үндсэн бэлчээийн талбайгүй нь олон асуудлыг араасаа дагуулдаг. Тиймээс энэ талаарх саналаа илэрхийлж, хамтдаа ярилцан нэг шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Зөвлөгөөний үеэр малын чанарыг сайжруулж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор махны чиглэлийн найман бухыг малчдад нэг жилийн хугацаатай түрээсээр олгож, ХХҮГ-аас найман өрхөд малжуулах хөтөлбөрт хамрагдах батламжийг гардуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд нэг өрхөд таван сая төгрөгийн малыг олгох юм. Мөн төр засгаас барьж буй бодлого, шийдвэрийг малдад танилцуулж, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын газар, ХХААГ, ХХҮГ зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийсэн юм. Энэ хүрээнд малчдад зориулсан явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.