Сүхбаатар аймгийн хэмжээнд 2021 онд залилах гэмт хэрэг 47 бүртгэгдэж байсан бол 2022 оны зөвхөн эхний таван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 51 бүртггдэж, нийт гэмт хэргийн 17,4 хувийг эзэлж байна. Уг гэмт хэргийн улмаас иргэдэд 197,7 сая төгрөгийн хохирол учирчээ.
Энэ онд бүртгэгдсэн 51 гэмт хэргийн 34 буюу 66,6 хувь нь харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад цахим орчинд тавигдсан зарын дагуу бараа материал худалдан авахаар мөнгө шилжүүлсэн, танил найз нөхдөөс мөнгө зээлээч гэж ирсэн чатын дагуу мөнгө шилжүүлсэн, гадаадаас бэлэг, үнэгүй бараа явуулж байна хил гаалийн хураамжийн төлбөрт гэж мөнгө шилжүүлсэн, мөн гадаадын иргэнээс бага хүүтэй их хэмжээний зээл авах зорилгоор мөнгө шилжүүлсэн зэрэг нь тогтоогдсон. Эдгээр хэргүүдийн хохирогч нь бусад руу мөнгө шилжүүлэхдээ эх үүсвэрийг огт шалгаж нягтлаагүй байгаа юм. Уг нь залилах төрлийн гэмт хэргээс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ бол үйлдэгчээс бус хохирогчоос шууд хамаарах хэрэг байдаг гэдгийг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Сүхбат хэллээ.
Иймд иргэд цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргэж байгаа мэдээ мэдээллийг сайтар сонсож, цааш нь түгээж, аль болох олон хүнд хүргэж, энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдээлэлтэй болж залилагчдад боломж олгохгүй байхыг уриаллаа.