Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны 98 жил, Сүхбаатар аймаг байгуулагсданы 80 жилийн хүрээнд Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган 6 дугаар сарын 19-нд Баруун-Урт суманд боллоо. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжье уриан дор зохион байгуулагдсан тус чуулганд 13 сумын 400 гаруй эмэгтэй оролцож, холбооныхоо тэргүүнийг батламжиллаа.
Улмаар Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Гантулгыг оролцогчдын 90 орчим хувийн саналаар тэргүүнээр батлав.
Тэрбээр хэлэхдээ, цаашид аймаг орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулахад онцгойлон анхаарч, эмэгтэйчүүд цахим орчинд үргэлж эерэг ханадлагыг түгээж байхыг уриалгыг дэвшүүлсэн юм. Мөн МЭХ-ны 100 жилийн ойд зориулан “Сүхбаатарын эмэгтэйчүүд” ном, Ээжүүдийн төгөл цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг энэ онд эхлүүлж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухайгаа онцлов.
Чуулганд урилгаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Осгон болон аймаг сумын удирдлагууд оролцсон. Аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, орон нутгийн зүгээс ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо гэсэн гурван ТББ-ыг тогтмол дэмжиж, хамтран ажиллахаа хэлээд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд МЭХ-оос санаачилсан Ээжүүдийн төгөл байгуулах ажлыг онцгойлон дэмжиж, орон нутагт хрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Тус аймгийн нийт хүн амын 49,7 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 37,1 хувь нь дээд боловсролтой байгаа нь эрэгтэйчүүдээс 16,1 хувиар, мөн дундаж наслалт 78 байгаа нь эрэгтэйчүүдээс 10 насаар илүү байна. Гэсэн хэдий ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо төдийлөн хангалттай биш байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчөөс зургаа нь эмэгтэй, 13 сумаас ганцхан сум эмэгтэй засаг даргатай байгаа юм. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд хэрхэн хамтран ажиллаж, бие биенээ дэмжснээр амжилтад хүрч болох талаар чуулганд оролцогчид санал солилцож, харилцан ярилцаж, зохих шийдвэрүүдийг гаргалаа.