Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

2011 ОНООС ХОЙШ 130 ИРГЭН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Сүхбаатар аймагт 2011 оноос хойш 130 иргэн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 618 иргэн бэртэж гэмтжээ. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар гурван иргэн амь насаа алдсан байна. Зам тээврийн солоор амь насаа алдсан иргэдийг хүндэтгэх арга хэмжээг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь ихэнхдээ согтуугаар тээврий хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүс зүүгээгүй, мотоциклтой иргэд хамгаалах малгай өмсдөггүй зэрэгтэй холбоотой байдаг. Энэ талаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг хийдэг ч иргэд ялангуяа малчид хайнга байдлаасаа бол зам тээврийн осолд өртөх нь элбэг байдаг тухай Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Баянжаргал хэллээ.

Осол хэргийн шалтгаан нөхцлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг 6 дугаар сарын 20-ноос эхлүүлж, энэ үеэр нээлтийг арга хэмжээг давхар зохион байгуулсан. Уг аян гурван сарын хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан иргэд, олон нийтэд чиглэсэн дээрх ажлуудыг Цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа аж.