Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН БҮХ ТӨРЛИЙН ХАГАЛГААГ ОРОН НУТАГТАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Нэгдсэн эмнэлэг урологийн /бөөр, шээсний зам/ дурангийн мэс заслыг хийдэг боллоо. Улсын төсвийн 313 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг ЭМЯ-аас нийлүүлжээ. АНЭ-ийн хамт олон энэ төрлийн хагалгааг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг өнгөрсөн жилээс хангаж эхэлсэн бөгөөд мэргэжлийн боловсон хүчнээ ч бэлтгэжээ.

Энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр түрүү булчирхай, давсагны чулуу, давсагны хадвар, шээсний замын нарийсал, бөглөрөлийн хагалгааг орон нутагтаа хийх бүрэн боломжтой аж.

Тоног төхөөрөмжийн нээлтийг угтаж, эмч нарын баг урологийн дурангийн мэс заслыг дөрвөн иргэнд амжилттай хийжээ. Тухайн иргэдийн биеийн байдал сайн, орон нутагтаа түргэн шуурхай, ямар нэг зовиургүй хагалгаандаа орсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Урологийн эмчээр бэлтгэгдэн, 2016 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд түрүү булчирхайн дөрвөн удаагийн нээлттэй хагалгааг хийсэн. Үүнээс хойш өнөөг хүртэл энэ төрлийн хагалгаа хийгээгүй. Учир нь орон нутгийн онцлогоос шалтгаалан иргэдийн хувьд ихэнхдээ дурангийн хагалгааны заалттай байдаг учир Улаанбаатар хотруу явж ордог байсан. Ингэхийн тулд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг иргэд зарцуулдаг байсан. Улаанбаатар хотруу яву, доод тал нь нэгээс хоёр сар хагалгаанд орох ээлжээ хүлээдэг байсан. Харин одоо бүх шинжилгээгээ эндээ өгөөд шууд хагалгаандаа ордог болж байна. Энэ бол иргэдийн эрүүл мэндийн хувьд маш том дэвшил гэж АНЭ-ийн урологи, мэс заслын их эмч У.Ууганбаяр хэллээ.

Тоног төхөөрөмж хүлээлцэх нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Идэрбат, АНЭ-ийн дарга Д.Мөнхзул, Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үндэсний багийн гишүүн, докторант, мэс заслын тэргүүлэх эмч М.Эрдэнэсайхан болон АНЭ-ийн эмч ажилтнууд оролцсон юм.

М.Эрдэнэсайхан хэлэхдээ, Сүхбаатар аймагт өмнө нь хэд хэдэн удаа яаралтай дуудлагаар ирж хагалгаа хийж байсан. Энэ удаад зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна. Учир нь аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болоод эмч мэргэжилтнүүдийн ур чадвар маш ихээр ахисан байна. Дурангийн мэс заслын тоног төхөөрөмжөөс гадна хагалгаанд шаардлагатай бусад тоног төхөөрөмжөөр ч сайн хангагдаж. Эрүүл мэндийнхээ салбарт анхаарч, хөрөнгө оруулалтыг тогтмол хийдэг аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлага хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье гэв.

АНЭ-т сүүлийн жилүүдэд улс болон орон нутгийн төсөв, төслийн шугамаар томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар дээшилсээр байгааг удирдлагууд тодотгож байна. Тухайлбал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, нүдний бүх төрлийн жижиг хагалгаа, мэс ажилбарыг сүүлийн нэг жилийн хугацаанд хийдэг болж, олон төрлийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байгаа юм.