Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар бүтээгдэж буй Бурхан багшийн хөшөөний шүншигийг шинийн 15-ны билэгт сайн өдөр өргөж, хөшөөг залжээ. Хөшөөний нээлт 07 дугаар сарын 29-ний өдөр болох бөгөөд энэ хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгийг тохижилтын ажил үргэлжлэн хийгдэнэ.
Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн, 12,2 метрийн өндөр, 180 тонн жинтэй. СТА сийлбэрчин Ц.Энхтайван, Д.Ганзориг, Н.Алтаншагай, Б.Батбаяр, Э.Олонтүлхүүр нар хамтран урлажээ.
Хамаг амьтныг гэгээрүүлэх номыг номлон энэрэл нигүүлслээр авран тэтгэхийг соёрхож буйг бэлгэдсэн бурхан багшийн дүрийг залсан цэцэрлэгт хүрээлэнг Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд байгуулж, аймгийнхаа түүхэн ойг тохиолдуулан нутгийн зон олондоо өргөн барьж буй гэдгээ төслийг санаачлагч, Нутгийн зөвлөлийн тэргүүн У.Отгонбаяр тодотгов.
Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй юм.