Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд болох соёл, урлагийн үйл ажиллагаанууд бүгд үнэ төлбөргүй болно.
Тодруулбал, 7 дугаар сарын 26-нд Уран үгсийн чуулган яруу найргийн баяраар соёлын үйл ажиллагаа эхлэнэ. Уг баярт Сүхбаатар аймгийн гаралтай зохиолч, яруу найрагчдын Дөрвөн цаг утга зохиолын нэгдлийн гишүүд болон урилгаар зарим яруу найрагч, зочид оролцох аж.
7 дугаар сарын 28-нд баяр наадмын хүндэтгэлийн тоглолт, аймгийн Угсаатны зүйн музейд Түүх мартахгүй үзэсгэлэн, Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Жавхлант шаргын нутаг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнтэй.
7 дугаар сарын 29-нд “Монгол бахархал” баяр наадмын нээлт, “Сүхбаатар-80” сумдын ардын урлагийн тоглолт, баярт зориулсан рок поп оддын задгай шоу болно. 7 дугаар сарын 30-нд “Сүхбаатар-80” сумдын ардын урлагийн тоглолтын хоёрдугаар хэсэг болон баярын хаалтын үйл ажиллагаа болох аж. Эдгээр нь бүгд үнэ төлбөргүй болох юм.
Харин баярын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн Наран мандах нутаг тоглолт үнэ төлбөртэй тоглогдоно.