Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Э.МӨНХЗУЛ: ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, НУТАГШУУЛАХ НЬ ЧУХАЛ

Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах төсөл тус аймагт хоёр жилийн хугацаанд хэрэгжин дуусах шатандаа орсон. Төсөл Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Түвшинширээ сумдад хэрэгжиж буй бөгөөд төсөлд хамрагдагч туслах малчдын төлөөлөл, холбогдох албаны хүмүүст зориулан ээлжит сургалт, мэдээллийг өглөө. Мөн төслийн багийнхан аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж харилцан мэдээлэл солилцон, цаашид төслийн үр дүнг хэрхэн хадгалж, үргэлжлүүлэх талаар хэлэлцэв.

ХЭҮК-ын гишүүн Э.Мөнхзул хэлэхдээ, туслах малчид хөдөлмөрлөх гэрээгүй, цалин хөлсөө бодитоор авч чаддаггүй, ажлын цаг нь тодорхой бус, цаашлаад хүчирхийлэлд өртөх зэрэг хүний эрхийн ноцтой зөрчилд өртдөг болох нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс үүн дээр ХЭҮК-оос онгойлон анхаарч, ажилласны үр дүнд Хөдөлмөрийн тухай хуулинд туслах малчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулж өгсөн заалтыг оруулж чадсан нь энэхүү төслийн гол үр дүн байлаа. Мөн энэ хүрээнд төрийн болон ТББ-ын төлөөллийг багтаасан Дэмжих бүлгийг байгуулсан. Энэ бүлэг туслах малчдыг хөгжүүлэх, төрийн мэдээллээр хангах, төсөл урамшуулалд хамруулах, төр иргэн хоорондын гүүр болж ажиллах учиртай. Ингэснээр хаана, хэнд хандахаа мэддэггүй явсан туслах малчид өөрсдийн асуудлаа хэлэх, шийдвэрлүүлэх нөхцөл боломж нь бүрдэж байгаа. Цаашид төслийн үр дүнг үргэлжлүүлж, орон нутагтаа нутагшуулах нь хамгийн чухал  гэлээ.

Түвшинширээ сумын иргэн Э.Ө гэр бүлээрээ туслах малчнаар 3 дахь жилдээ ажиллаж буй. Ам бүл тавуулаа. Туслах малчны цалингаас өөр орлогогүй, нэмэлтээр төл мал ч авдаггүй. Хүүхдүүд нь сургуулийн сурагчид учир цалин нь хүүхдүүдэд зориулагдаад дуусдаг учир амьдралд нь төдийлөн хүрэлцдэггүй гэлээ. Анх туслах малчнаар орохдоо эзэн малчинтай ямар нэг гэрээ байгуулаагүй, аман тохироо л хийсэн байна. өөрийн 50 орчим толгой малаа өсгөхийн тулд айлын давхар малчнаар ажиллах болсон. Туслах малчны эрх, үүргийн талаар мэдээлэл байдаггүй. Төслийн хугацаанд мөн энэхүү сургалтаас маш их мэдээллийг олж авч буйгаа тэрээр ярьсан юм. Яг л иргэн Ө шиг байдалд байгаа иргэн их бий. Тийм ч учраас ХЭҮК-оос Европын холбооны санхүүжилтээр дээрх төслийг хэрэгжүүлж буй. Ингэж туслах малчдыг чадавхжуулснаар тэдний хөдөлмөийн орчин нөхцөл сайжирч, хөдөлмөрлөх, эрүү мэндийн тусламж үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, хувийн эрх чөлөөгөө эдлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана хэрхэн хандаж шийдвэрлүүлэх талаар ойлголт, мэдлэгтэй болсон байна.