Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МӨНХХААН СУМЫН БАЯНЦАГААН БАГ ЮНИТЕЛИЙН 4G СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Улсын төсөв болон Юнител группийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн 13 багт үүрэн холбооны өндөр хурдны сүлжээ нэвтэрлээ. Эдгээр багийн нэг бол Мөнххаан сумын Баянцагаан баг юм. Тус баг нь 311 өрх, 900 гауй хүн амтай томоохон баг. Сүлжээний нээлт болон иргэдийн уулзалт өнөөдөр багийн төвд боллоо.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь болон сум, багийн удирдлага, Юнител группийн орон нутаг дахь төлөөлөгчид оролцов. Сүхбаатар аймаг 13 сум 67 багтай. Багуудын дийлэнх нь өндөр хурдны сүлжээнд холбогдсон.

Энэ удаагийн 13 багийг холбох ажлыг УИХ-ын гишүүд санаачлан Юнител групптэй хэлэлцэн хамтын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж чадсан. Учир нь дан ганц улс, орон нутгийн төсвөөр уг ажлыг хийхэд хүндрэлтэй. Цаашид үлдсэн багуудыг шат дараатайгаар холбох ажлыг судлах болно гэж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал, улсын хэмжээнд нийт малчдын 40 орчим хувь нь ЭМД, 20 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ нь нэг талаар малчид сар бүр аймаг, сумын төврүү орж чаддаггүйтэй холбоотой. Тиймээс малчдыг зөвхөн утсаар ярих бус төрийн болон банкны бүхий л үйлчилгээг гэрээсээ, гар утаснаасаа авдаг болгохын тулд үүрэн холбооны сүлжээг шат дараатай нэвтрүүлж байгаа гэдгийг тодотгов. Хэлсэнчлэн малчид гэрээсээ өндөр хурдны интернетэд холбогдон төрийн олон төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна. тиймээс дан ганц утсаар ярьж, мессэж бичихээс илүүтэй өөрт хэрэгцээт мэдээ мэдээллээ авч, төрийн үйлчилгээг авч сурах нь чухал гэдгийг ч тэд сануулж байлаа. Тийм ч учраас Юнител компанийн ажилчид газар дээр нь дугаарын худалдаа болон бусад холбогдох үйлчилгээг иргэд малчдад үзүүлж байлаа.

Уулзалтаар УИХ-ын гишүүд улс болон аймаг орон нутгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, мөн цаашид малчидруу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэв. Малчдын хувьд гэртээ гар утасны үйлчилгээ авах болсондоо баяртай байгаагаа уламжилж байлаа. Мөн малчдын гол орлого болсон мал махны үнэ, малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, малын түүхий эдийг эргэлтэд оруулах шаардлагатай байгаа талаар саналаа уламжилж байсан юм.

9 дүгээр сарын 13-ныг хүртэл багуудын уулзалт, сүлжээний нээлтийн үйл ажиллагаа үргэлжилнэ.