Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Б.БОЛДБААТАР “БҮРЭН МОНГОЛ ГЭР” ТӨСЛИЙН ГЭРИЙГ ГАРДАН АВЛАА

“Бүрэн монгол гэр” төслийн баг хамт олон өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллалаа. Тус аймгаас төсөлд сонгогдсон өрх болох Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Б.Болдбаатарын гэр бүлд иж бүрэн тавилгатай, таван ханатай өргөө цагаан гэрийг орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулан өгсөн юм.

Спорт бол эв нэгдлийн бэлэг тэмдэг. Тиймээс энэхүү төслөө санаачлан, 11 дэх аймагтаа амжилттай хэрэгжүүлээд байна. Бид төсөлд хамрагдах өрхөө сонгохдоо амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, аливаа ажлаас хойш суудаггүй, хөдөлмөрч хиээнгүй, хамгийн гол нь нийгмийн халамж үйлчилгээ авдаггүй залуу гэр бүлийг сонгож байгаа. Энэхүү шалгуурт тэнцсэн Б.Болдбаатарынхаа гэр бүлд баяр хүргэж, аз жаргал хүсье хэмээн Бүрэн Монгол гэр төслийн санаачлагч, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс хэлээд өргөө цагаан гэрийнх нь өндөр үүдийг нээлээ.

Б.Болдбаатар, Г.Энхжаргал нар нар гэр бүл болоод 13 жил болжээ. Тэд 2-14 насны таван хүүхэдтэй бөгөөд нийтийн хөлсний байранд амьдардаг байжээ. Тэднийг өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болж буйг тохиолдуулан, мөн төслийн баг хамт олны ажлыг дэмжиж Б.Болдбаатарын гэр бүлд 0,7 га газар, хашааг аймгаас шийдвэрлэж өгсөн юм. Мөн аймгийн ГБХЗХГ-аас Б.Болдбаатар, Г.Энхжаргал нарын гэрлэлтээ батлуулж,гэр бүлийн тангарах өргөх ёслолыг тусгайлан зохион байгуулсан нь давхар дахар баярт үйл явдал болов.

Анх төслийн багийнхан холбогдоод манай гэр бүлийг сонгогдсон тухай мэдээ дуулгахад маш их баярласан. Эхнэр бид хоёр ханилсан цагаасаа эхлэн өөрсдийн хүчээр хөдөлмөрлөж, амьдралаа босгосон. Бусдын гарыг харж, ямар нэг нийгмийн халамж тусламж авахыг хүсдэггүй. Олдсон ажлыг гололгүй хийж, шударгаар хамтын амьдралаа бүтээж яваа. Энэ чин сэтгэлийг маань үнэлсэн Бүрэн монгол гэр төслийн хамт олонд болон П.Бүрэнтөгс аваргадаа маш их баярлалаа. Амьдралаа илүү сайн, сайхан болгохын төлөө хичээх болно гэж Б.Болдбаатар хэллээ.

Монгол үндэсний болон Монгол туургатны эв нэгдлийг цогцлоох, уламжлалт өв соёл, тэр дундаа Монгол үндэсний бөхийн дархлааг бэхжүүлэх, сурталчлан таниулах, нийгмийн хөгжил дэх залуусын оролцоог нэмэгдүүлэх нь Бүрэн Монгол төслийн зорилго. Энэ хүрээндээ Бүрэн Монгол гэр төслийг ийнхүү Монол орон даяар амжилттай хэрэгжүүлж буй билээ.