Сүхбаатар аймагт эрчим хүчний салбар үүссэний 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсынхаа зүүн өмнөд хязгаарт 80 жилийн өмнө ЖЭС-60 маркийн 48 кВт-ын хүчин чадалтай дизель станцтайгаар тулгын чулуугаа тавьж байсан бол өнөөдөр 1557 км ЦДАШ, 180 дэд станцаар цахилгаан эрчим хүчний үйлчилгээг үзүүлж байна.
Тодруулбал, 12 сумын 11493 өрх айл, 1211 аж ахуйн нэгж байгууллага, хилийн нэг боомт, найман уул уурхайд цахилгаан эрчим хүч хүргэж, ард иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.
Энэхүү их бүтээн байгуулалтыг цоглоон бий болгосон Сүхбаатар аймгийн эрчим хүчний салбарт ажиллаж байсан үе үеийн ажилчин, ажиллагсад, ахмадууд, залуу үеийнхэн, салбарын хамт олонд төрийн одон медаль болон аймаг орон нутгийн шагналыг гардуулав. Шагнал гардуулах үйл ажиллагаа ойн баярын хурлын үеэр болсон бөгөөд үүнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар, Сүхбаатар салбарын дарга Р.Эрдэнэцогт тэргүүтэй үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид оролцсон юм.