Монголчууд үндэсний өв соёл, ёс уламжлалаа тоглоом наадгайгаар дамжуулан хүүхэд залуус, ирээдүй хойчдоо өвлүүлж түгээн дэлгэрүүлсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд техник технологийн хурдтай дэвшил нь уламжлалт тоглоом наадгайг мартагдуулж, үндэсний баялагаа гээх эрсдлийг дагуулж буй. Тэгвэл ийм явдлаас сэргийлж, залуусдаа үндэсний соёлоо сурталчлан, сэргээн сануулах үүднээс сумынхаа залуусын дунд уламжлалт өв соёл, тоглоом наадгайн тэмцээнийг зохион байгуулжээ.
Энэхүү тэмцээнийг Асгат сумын Залуучуудын холбооноос “Уламжлалт өв соёлоо дээдэлье” сэдвийн хүрээнд анх удаа сумандаа зохион байгуулжээ. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, уламжлалт өв соёл, тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгын хүрээнд сумынхаа дөрвөн багийн иргэд, залуучуудын дунд шагайн наадгай, шагайн хавчаахай харваа, сээр шалгах, морин өртөө болон морины дэл засах гэсэн төрлүүдээр зохион байгуулсан байна. Тэмцээнд тус сумын 18-39 насны залуучууд болон шагайн хавчаахай харваанд ахмадууд хамтарч нийт 70 гаруй хүн оролцжээ.
Сум орон нутагт яг ингэж уламжлалт тоглоом наадгайгаар дагнасан уралдаан тэр бүр зохион байгуулагддагүй учир залуус маш их ач холбогдол өгч, идэвхтэй оролцсон. Мэддэг боловч мартагдсан байсан өв соёл, тоглоом наадгайгаа эргэн сэргээсэн үнэхээр сайхан арга хэмжээ боллоо гээд залуус маань үнэхээр сэтгэгдэл өндөр байсан. Бидний санаачилсан арга хэмжээг сум орон нутгийн удирдлага, төрийн болон ТББ-ууд, иргэд хувь хүмүүс дэмжиж хамтарсанд нийт залуусынхаа өмнөөс таларха илэрхийлмээр байна. Цаашид энэ арга хэмжээгээ уламжлал болгон зохион байгууах болно гэж Асгат сумы Залуучуудын холбооны дарга А.Отгонзаяа хэллээ.
Тэмцээнний нийлбэр дүнгээр Их-Уул баг шалгарч, шилжин явах цомыг гарджээ.