Монгол Улсын Соёлын яамнаас Соёлын бүтээлч сарын аяныг хоёр дахь жилдээ өрнүүлж, өнөөдрөөс орон даяар эхлүүлээд байна. Соёлын бүтээлч сарын турш аймгийн Соёл, Урлагийн газраас Жаахан шарга театр, Нийтийн номын сан, Усаатны зүйн музей, 12 сумын саёлын төвтэй хамтран нийт 59 төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ингэхдээ дөрвөн долоо хоногийн хугацаанд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Бүх нийтийн соёлын боловсрол, Соёлын үйлдвэрлэл, Соёлын аялал жуулчлал гэсэн сэдвүүдийн хүрээнд дээрх ажлууд хэрэгжих аж.
Мөн сарын аяны хүрээнд соёл урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах аж. Жаахан шарга театрын уран бүтээлчдийн болон номын санчдын ур чадварын тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж, улмаар бие биенээсээ суралцах, харилцан туршлага солилцох нөхцлийг бүрдүүлнэ. Тус аймгийн хэмжээнд соёл урлагийн салбарт 200 гаруй хүн ажиллаж байна.