Ганга нууранд нүүдлийн шувууд хавар, намартаа цугладаг бөгөөд 9 дүгээр сарын эхээс 11 сарыг хүртэл хун шувууд чуулдаг. Гангар, гунгар, хуруут гэсэн гурван зүйлийн хун Ганга нуурт ирдэг байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 600 гаруй хунд сансрын дамжуулагч зүүж судалгаа хийхэд Ганга нуураас явсан хун БНСУ-ын урд хэсэг, БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт очиж өвөлждөг болох нь тогтоогдсон байна.
Энэ жил Дарьганга сумын нууруудад урьд жилүүдээс их буюу 6000 гаруй хун чуулжээ. Эдгээрийн дийлэнх нь Ганга нуурт буусан байна. Мөн тус нууранд хун шувуунаас гадна маш олон нүүдлийн жижиг шувууд дамжин өнгөрч, түр нутагладаг. Тус нууранд 2018-2022 оны хооронд буусан 10 мянга орчим жижиг шувуудыг тэмдэгжүүлэн бөгжилж, мониторинг ажиглалт хийжээ. Ингэхэд Ганга нуураас явсан нүүдлийн шувууд Австрали, Тайланд зэрэг олон оронд очдог болохыг тогтоожээ.
Мөн ховор нэр төрлийн шувууд өндөглөх үеэрээ нутаглаад буцдаг байна. Учир нь Монгол орны хамгийн өмнө цэгт байх тус нуур нүүдлийн шувуудын хооллож ундлах, амарч саатах хамгийн таатай газар юм. Ганга нуур орчимд 16 баг 39 овгийн 108 төрөлд хамаарах 198 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг байна.