Аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран тус сумын Нартын ууланд нутаглаж байгаа аргаль хонинд өвс тэжээл тавьж өгчээ. 20 ширхэг боодол өвсийг дөрвөн цэгт байрлуулж биотехникийн арга хэмжээг авсан байна. Нартын ууланд 2000-аад оноос аргаль нутаглаж байгаа бөгөөд өдгөө 40 орчим болж үржжээ.
Дарьганга сумын нийт нутгаар цас ихтэй, дахин цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвлтэй байна. Ийн өвөлжилт хүндэрч, бэлчээрийн хомсдол үүсвэл зэрлэг ан амьтад өвс тэжээлийн дутагдалд орох эрсдэл өндөр байгаа аж.
Энэ онд аймгийн БОАЖГ биотехникийн арга хэмжээнд зориулж байгаль хамгаалах нөхөн сэргэх зардлаас 10 орчим сая төсөвлөжээ. Нийт 500 боодол өвс, таван тонн хужир шүүг таван сумын нутагт тархсан биологийн ховордсон төрөл зүйл болох аргаль хонь, халиун буганд тавьж өгөхөөр нөөцөлсөн байна. Ингэж биотехникийн арга хэмжээ авснаар ховор ан амьдтын хорогдол гарахаас сэргийлэх, төл бойжилтод эерэг нөлөө үзүүлэх, ан амьтдын шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Нэг газарт жилд 2-3 удаа биотехникийн арга хэмжээг авдаг байна.