Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ АЙМАГ БОЛНО

Сүхбаатар аймаг “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэх анхдагч аймаг болно. Ийн олон улсын жишигт нийцсэн “Ногоон бүс” бүхий анхдагч аймаг болсноор тус аймагт оршин суух иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх эерэг үр дүн гарна гэж Цагдаагийн байгууллага үзэж байна. Өөрөөр хэлбэл аюулгүй аймаг болох эхлэл тавигдах юм.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Засаг дарга М.Идэрбат болон аймаг, сумын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод ажиллаж, төслийн хэрэгжилттэй танилцжээ. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд суурилуулсан нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах, нэгтгэн харах хүчин чадалтай 25 ширхэг ханан дэлгэц бүхий шал, хана, хөргүүр зэрэг цогц дэвшилтэт технологитой танилцсан байна. Тус аймгийн тухайд зам, нийтийн эзэмшлийн талбай, ААНБ-уудыг шат дараатай камержуулж, нэгдсэн системээр хянадаг ч энэ нь төдийлөн шаардлага хангахгүй байгаа аж. Төслийг орон нутгийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Цагдаагийн байгууллагаас Хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, сайн туршлага, дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле камерын тоог нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг хороог сонгон авч “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлээд байгаа юм.