Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ШИЛЖИН ИРЭГСДЭЭС ИЛҮҮ ОРОН НУТГИЙН ЗАЛУУСАА ДЭМЖИХЭД АНХААРНА

Сүхбаатар аймагт өнгөрөн онд 670 иргэн шилжин ирсэн бол 640 иргэн явсан байдаг. Тиймээс шилжин ирэгсдээс илүү орон нутагтаа одоо ажиллаж байгаа иргэд, залуу гэр бүлээ тогтоох өөрөөр хэлбэл өөр тийш явуулахгүй байхад орон нутгийн зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулганы үеэр аймгийн засаг дарга М.Идэрбат мэдэгдсэн байдаг.

Тэрбээр тус чуулганд бүс нутгаа төлөөлөн илтгэл танилцуулсан.Сүхбаатар аймагт энэ жилээс хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүд хэрэгжиж эхэлнэ. Үүний үр дүнд ажлын байр, өрхийн орлого, хөдөлмөрийн үнэлэмж цаашлаад өрсөлдөөн бий болно гэж харж байгаа. Харин орон нутгийн зүгээс хөдөөгийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд дараах боломжуудыг санал болгож буй.

-Орон нутагт бизнес эрхлэхэд ААН бол 500 сая хүртэлх, иргэн бол 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн нэг хувийн авах боломжтой.

– Орон сууцны ипотекын гурван хувийн хүүтэй зээлд хамруулна.

-Төрийн албанд ажиллахад үндсэн цалин дээр нь 20-60 хувь хүртэл орон нутгийн нэмэгдэл олгоно. Үүнээс 20 хувийг улсын төсвөөс өгөх бөгөөд орон нутаг өөрийн санхүүжилтээр 60 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой.

-Орон нутагт ЕБС-ийн анги дүүргэлтийг 30 хүүхдээс хэтрүүлэхгүй. Өөрөөр хэлбэл сурагчдын сурах таатай орчин нөхцдийг бүрдүүлэх хамгийн наад захын хэрэгцээ бол анги дүүргэл юм.

-Эрүүл мэндийн байгууллагын үйлилгээний ачааллыг бууруулж, иргэд 1-3 хоногийн дотор эмчид үзүүлж, 5-7 хоногийн дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлнэ гэх мэт бодит дэмжлэгүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин эдгээр боломжууд нь орон нутагтаа амьдарч буй иргэдэд ч нэгэн адил хамаарна.