Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийтийн эзэмшлийн орон сууц тус аймагт 1м2 нь 1,850- 2,650 мянган төгрөгийн ханштай байна. Тиймээс иргэдийг хямд орон сууцаар хангах зорилгоор хорооллуудыг шинээр байгуулахын зэрэгцээ энэ жилээс гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлж, түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Сүхбаатар аймагт сүүлийн гурван жилд 400-450 орчим орон сууц шинээр ашиглалтад ордог. Тодруулбал, 2020 онд 174, 2021 онд 160, 2022 онд 25 айл шинээр орон сууцанд оржээ.  Мөн эко хороололд 50 өрх байртай болж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон газарт иргэд хувиараа орон сууц барих тохиолдол нэмэгдсэн байна.

Хөдөөгийн сэргэлтийг дэмжих, шилжин ирэгсэд болон одоо амьдарч байгаа залуу гэр бүлийг хямд орон сууцаар хангах хүрээнд Баруун-Урт суманд 980 айлын орон сууцны хорооллын дэд бүтцийн ажил эхэлсэн, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх 100 айлын орон сууцны тендер зарлагдсан, эрчим хүчий хэмнэлттэй орон сууц буюу эко хорооллын 50 айл бүхий хоёрдугаар ээлжийн ажлын шугам сүлжээний ажил эхэлсэн, Баруун-Урт сумын дөрөв, зургаадугаар багийн зарим өрхийг нэгдсэн инженерийн шугам сүлжээнд холбох, сумдыг төвлөрсөн шугаманд холбох зэрэг ажлууд төлөвлөгдөсн гэдгийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,ихөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энхцэцэг хэллээ.