Өнөөдөр бол дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр.Сүхбаатар аймагт жилд сүрьеэ өвчний 60-68 өвчний шинэ тохиолдол бүртгэгддэг. Улсын дунджаас бага өвчлөлтэйд ордог ч бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдож байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд тус аймагт сүрьеэгийн өвчлөл өсөх хандлагатай байна. Өвчлөл өндөр байгаа нь илрүүлэлт сайн байгаатай холбоотой гэж үзэж байна. Тус аймагт үзлэг оношлогоог жил бүр явуулын амбулатороор хийж гүйцэтгэдэг. Өнгөрсөн онд 800 гаруй иргэнийг уг үзлэгт хамруулснаас 90 орчим эерэг болон сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Орон нутагт сүүлийн үед гэр бүлээрээ өвчлөх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс өрхийн нэг гишүүн өвчилсөн бол бусад гишүүд тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч хэвших хэрэгтэй байна. Эрт илрүүлж эмчилгээгээ тогтмол хийлгэж чадвал сүрьеэ эдгэрдэг өвчин. Тасагт жилд 90-95 хүн хэвтэн эмчлүүлдэг. Нийт эмчлүүлэгсдийн 90 гаруй хувь нь бүрэн эдгэрдэг. Өвчний үндсэн шалгаан нь архи тамхи зэрэг хорт зуршлын хэт их хэрэглээ, амьдралын буруу хэвшилтай холбоотой гэдгийг АНЭ-ийн сүрьеэгийн тасгийн их эмч У.Мөнхтуул хэллээ.
Өвчний хүндрэлээс шалтгаалж эмнэлэгт хоёр ба түүнээс дээш сараар хэвтэн эмчлүүлэх , эмчийн хяналтанд байж зохих гам, дэглэмийн сайтар барих шаардлага бий. Мөн иргэд сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдаж, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байлаа.