Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль хүүхдийн итгэлтэй утсыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн анхны сургууль боллоо. Сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа энэхүү утсаар үүрэн холбооны бүх операторын дугаар руу үнэ төлбөргүй холбогдох боломжтой аж.
Нэг сурагч өдөрт хоёр хүртэл минутын хугацаанд утсаар ярих эрхтэй бөгөөд тус сургууль сард 2200 минутыг сурагчдад зориулж нээлттэй болгосон байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд тус сургуулийн Хүүхдийн хөгжил хамгааллын багаас зургаан төрлийн багц ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх саналыг Баруун-Урт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлж улмаар дэмжигдэн Монголын цахилгаан холбоо компанитай хамтран ийн ажил хэрэг болгожээ.