Аймгийн төвөөс зүүн тийш гурван километр газарт шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөжээ. Нийт 550 өрхийн хашаа байхаар тооцсон бөгөөд тэнд амьдрах болон үйлдвэрлэл үйлчилгээ, газар тариалан эрхлэх бүх зориулалтаар газрыг олгоно. Гэрэл цахилгаан, худаг, зам гээд дэд бүтцийн асуудлыг орон нутгаас бүрэн шийдвэрлэх юм байна.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шинээр газар хүссэн иргэдийн өргөдөл маш их бий. Зөвхөн Баруун-Урт сумынх гэхэд 500 гаруй өргөдөл болж хураагджээ. Тиймээс эхний ээлжинд одоо байгаа өргөдлийн дарааллын дагуу хүсэлтийг шийдвэрлэнэ. Мөн дахин шинээр хүсэлт хүлээж авна. Алсдаа Сүхбаатар аймаг зүүн тийшээ тэлэхээр хэтийн хөгжлөө тодорхойлсон. Тус хэсэгт орон сууцны хороолол, МСҮТ-ийн хичээлийн шинэ байр, зарим төрийн байгууллага байхаар төлөвлөж буй аж.