Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЦАГДААГИЙН БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Баруун-Урт суманд өнөөдөр Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд ЦЕГ-ын төлөөллүүд, аймаг орон нутаг болон цэрэг, хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, ахмадууд оролцож туганд хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн байгууллагын 100 гаруй жилийн түүхэнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаар ингэж тугийг аялуулж байсан удаагүй юм байна. Өөрөөр хэлбэл албаны тугийг ингэж орон нутагтаа залж буй нь анхны тохиолдол юм байна.

Тугийг 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авснаас хойш туг шинэчлэгдээгүй өнөөг хүрчээ. Улмаар Цагдаа, дотоодын цэргийн ахмадын зөвлөл санаачлан тугийг шинэчлэн сэлбэжээ. Ингэхдээ Монгол Улсын 21 аймгийн 200 гаруй сумаас нийт 330 гаруй адуунаас дэл сүүлээр сэлбэсэн байна. Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдрын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Дотоодын цэргийн цагаан арслан бэлгэдэл нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан бадрахын илэрхийлэл аж.

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн болон дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймгаар ийнхүү  тойрон аялуулж цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Ажлын хэсэгт ЦЕГ-ын дэргэдэх Сүлд чуулгын уран бүтээлчид мөн багтжээ.