Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

2023 ОНЫ ЗӨВХӨН ЭХНИЙ ДӨРВӨН САРД НАЙМАН УДААГИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар тус аймгийн хоёр суманд нийт найман удаагийн түймэр гарч урьдчилсан байдлаар 35,9 мянган га талбай шатаж 237 сая төгрөгийн хохирол учраад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл тус аймагт хээрийн түймэр гарах эрсдэл илүү өндөр байгааг анхааруулаад цаашид түймэртэй тэмцэхийн тулд гарсны дараа бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.

Сүхбаатар аймагт 2021, 2022, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 43 удаагийнхээрийн түймэр гарч, үүний улмаас 500375 га талбай шатаж, 3,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түймрийн шалтгаан нөхцлийн тухайд ил задгай гал түлсний улмаас долоо, автомашин техникээс 10, аянганаас ес, ил задгай үнс нурмаас долоо, айлын гэрийн яндангийн очноос гурав, цурамнаас нэг, шалтгаан тогтоогдоогүй зургаан удаагийн түймэр гарсан байна. Өнгөрсөн хоёр жилийн түймрийн нөхцөл байдлыг харвал 2021 онд зургаан сумын нутагт 15 удаагийн түймэр гарч 93879 га талбай шатаж, 672,7 сая төгрөгийн хохирол, 2022 онд долоон суманд 20 удаагийн хээрийн түймэр гарч 370,5 мянган га талбай шатаж 2,6 тэрбум төгрөгийн хохирол учирч байжээ.