Номын санд 40 гаруй жил ажилласан ахмад номын санч Содовын Дэнсмаагийн үр хүүхдүүд хамтран аймгийн Нийтийн номын санд 300 орчим номыг хандивлалаа. Эдний хувьд таван үеэрээ номын санч. Гэр бүлийн, хүүхэд ахуй насны дурсамжууд нь бүгд номын сантай холбогддог. Тиймээс ээж, эмээгийнхээ гэгээн дурсгалд зориулж уг хандивын үйл ажиллагааг ах дүү нараараа хамтран зохион байгуулсан бөгөөд номыг өөрсдийн биеэр хүлээлгэж өгөхийн тулд газар газраас ийн цуглажээ.
Нийтийн номын санд бүтэн жилийн хугацаанд улсын төсвөөр ч ийм их номын баяжилт нэг дор хийгддэггүй. Тиймээс номын сангийн хамт олон талархалтайгаар хүлээн авч, нийтийн хүртээл болгон ажиллахаа хэлж байсан юм. Энд уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүх соёлын, үлгэр, уран сайхны гээд бүх насныханд зориулсан ном бий. Ялангуяа Монгол орныхоо баруун аймгуудын үүх түүх, ёс заншлыг харуулсан номыг мөн түлхүү багтааж, аймгийн нийтийн номын санд байдаггүй, ховор сонин номыг цуглуулахыг эрмэлзсэн тухайгаа ахмад номын санч С.Дэнсмаагийн охин Б.Мягмарсүрэн хэллээ.
С.Дэнсмаа нь 1962 оноос уулбаян, Баяндэлгэр сумын номын сангийн эрхлэгч, 1969 оноос аймгийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимын номын санчаар ажиллаж байжээ.