Орон нутгийн сэтгүүлчдийн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чин хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт тавдугаар форум Өндөрхаан хотод болж байна. Уг форумыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “100 жил 100 сэтгүүлч” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог.
Форумд 19 байгууллагын 80 орчим сэтгүүлч, мэргэжилтнүүд, мөн МСНЭ-ийн удирдлагууд оролцож байна. Оролцогчид орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн бодит байдал, ололт амжилтаа ярихын зэрэгцээ тулгамдаж буй гол асуудал, бэрхшээлүүдээ ярилцаж, санал солилцож, цаашид юун дээр анхаарах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь уг үйл ажиллагааны эхний зорилго. Цаашлаад орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим сэтгүүлзүйн талаар мэдлэг мэдээлэл хүргэх, түүхэн аялал жуулчлалын хөгжил, Хэнтий аймагтай танилцах нь удаах зорилго юм.
Монгол Улсын хэмжээнд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад 4000 орчим хүн ажиллаж байна. нийт байгууллагын 150 гаруй нь орон нутагт байгаа тухай мэдээллийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар форумыг нээж хэлсэн үгэндээ тодотгов. Мөн форумын эхэнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийнхаа нийгэм, эдйн засгийн үзүүлэлтийн талаар товч мэдээлэл хийлээ. Энэ онд тус аймагт улсын төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 92 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний ихэнх нь дэд бүтцийн салбарт өрнөж байна. Түүхт 100 жилийн ойгоо угтаж баяр наадмын талбайгаа бүрэн шинэчилж тохижуулахаас эхлээд шинэ суурьшлын бүс байгуулах зэрэг тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлууд нь улс, орон нутгийн төсөв болон иргэд ААНБ-ын ханюидаар хийгдэх юм байна. 2023 онд мөн тус аймгийн 8 сумын 100 жилийн ой тохиож буй аж.
Энэ удаагийн форумыг МСНЭ, МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салар зөвлөл, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна. форум 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжилнэ.