Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“ЖААХАН ШАРГЫН НУТАГ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн яруу найрагч, зохиолчдын бүтээлээс сэдэвлэсэн “Жаахан шаргын нутаг” монгол бичгийн уралдааны өндөрлөж, шилдгүүдээ шалгаруулав. Уралдаанд 28 байгууллагын 280 албан хаагч, 11 сургуулийн 424 сурагчийн хичээнгүй бичвэр, мэргэжлийн 34 багшийн сайн туршлага, интерактив даалгавар, тайлан, 80 гаруй уран бүтээлчийн бүтээл иржээ.

Тус уралдааныг аймгийн БШУГ, Баруун-Урт сумбн ЗДТГ, Аригун арт галарей хамран зохион байгуулсан бөгөөд үзгийн хичээнгүй бичиг, уран бичлэг, таталган бичиг, мэргэжлийн багш нарын ангилал, шилдэг судлагдахуун гэсэн төрлөөр тус бүр ганцаарчилсан, хамт олон гэсэн ангиллаар зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ.

Анхны уралдаантай харьцуулахад оролцогчдын тоо, хүүхдүүдийн болоод төрийн албан хаагчдын идэвх оролцоо, бүтээлийн чанар чансаа эрс сайжирсан нь нэн тэргүүнд ажиглагдлаа. Энэ маш сайн, бас үр дүн. Жаахан шаргын нутаг уралдаанд ингэж өргөн цар хүрээгээр оролцож байна гэдэг бол Сүхбаатарчууд хос бичигтэн болох бэлтгэл ажлыг маш сайн хангаж байна гэсэн үг. Цаашид ч уралдааны хамрах хүрээ илүү өргөн болно гэж найдаж байна. Мэдээж уран, бийрийн бичлэгийн төрөлд сайхан сайхан бүтээлүүд ирсэн байна. Гэхдээ энэ удаад хичээнгүй, цэвэр бичгийн бүтээлүүд маш их сэтгэл хөдөлгөлөө. Ялангуяа нэг ангийн 35 хүүхэд яг л нэг хүн шиг бичсэн байгаа нь гайхалтай байлаа. Энэ бол багшийн ур чадвар маш сайн байна гэсэн үг. Тэгэхээр энэ уралдаан багш нарыг, хүүхэд багачууд, төрийн албан хаагчид, иргэдийг хүртэл чадавхжуулах маш том хөшүүрэг болж байна гэж дүгнэж байна хэмээн Аригун галарейн захирал Э.Ариунболд хэллээ.

Тус уралдаанаас хос шагнал хүртсэн оролцогч бол Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн монгол бичгийн багш М.Мөнхнаран юм. Тэрбээр уралдаанд гурван жил дарааллан оролцож байгаа. Нутгийн нэрт зхиолч Н.Доржцэрэнгийн шүлгээс сэдэвлэсэн Уянгын цэнхэр тал бүтээлээрээ уран бичлэгийн төрөлд түрүүлсэн бол таталган бичгийн төрөлд гутгаар байранд шалгарчээ. Мөн үзгийн хичээнгүй бичгийн төрөлд сурагчид, төрийн албан хаагчдаа бэлтгэн оролцуулсан байна. М.Мөнхнаран сумандаа найм дахь жилдээ багшилж байгаа. Хос бичигтэн болох бэлтгэл ажлын хүрээнд бусад мэргэжлийн багш нартайгаа хамтран сурагчдаас гадна төрийн албан хаагчдаа чадавхжуулах сургалтыг явуулдаг аж. Мөн сурагчдыг бийрийн бичгээс эхлээд монгол бичгийн бүхий л төрлөөр сургадаг байна.

Харин энэ бол уралдааны уран бичлэгийн сурагчийн ангилалд тэргүүн байр эзэлсэн Т.Ану-Үжин. Багаасаа л монгол бичигт дурлан, өдгөө өөрийнхөө хүсэлтээр илүү их судалж, суралцаж яваа гэв. Бийрийн болон уран бичлэгт илүү сонирхолтой. Хичээлийнхээ чөлөөт цагаар яг энэ чиглэлээрээ өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаарч тогтмол дадлага, сургалт хийдэг байна. Жаахан шаргын нутаг уралдаанд анх удаа оролцсон бөгөөд Н.Доржцэрэнгийн Банхартай тулалдсан нь шүлгийг бүрэн эхээр нь бичиж, бадаг тус бүрийн доод талд утга санааг нь зургаар илэрхийлжээ. Зураач, СГЗ Ё.Бадарч түүний өвөө. Бүтээлээ хийхийн тулд өвөөтэйгөө зөвлөлдөж, санааг нь гаргасан гэдгээ хэллээ.