Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМГИЙН ДОЛООН ГАЙХАМШИГ

Улсын нийслэлээс зүүн урагш 560 километрт орших Сүхбаатар аймгийн монгол орны өндөг булан бүрээс зорин ирэх иргэд, аялагч жуулчдад зориулан Сүхбаатар аймгийн долоон гайхамшгийг танилцуулж байна.

Алтан Овоо

Алтан овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул ба аймгийн төвөөс 180 км зайтай. Алтан овоо нь төрийн тахилгат овоо юм.

Шилийн богд

Дарьганга сумаас зүүн урагш 60 километрт Д.Т.Д 1778 метрт өргөгдсөн ба энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр Шилийн богд юм.

Хүн чулууд

Их Монгол Улсын үед холбогдох хүн чулуудыг хамгийн ихээр агуулдаг нутаг бол Сүхбаатар аймаг бөгөөд эдгээр нь Дарьгангын хүн чулууд гэдгээрээ улсдаа төдийгүй дэлхийд алдаршсан. Энд олон төрлийн хүн чулууд байх бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлог, утга агуулгатай.

Таван толгойн археологийн цогцолбор

Онгон таван толгойд археологич Д.Наваан гуай МУИС-ийн археологи, антропологийн ангийн оюутнуудтай 13-14 дүгээр зууны булшийг малтаж, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигт дурсгалыг олсон байдаг. Одоо энэ нь түүхийн нэн ач холбогдолтой археологийн цогцолбор газар болсон юм.

Ганга нуур

Дарьганга сумын төвөөс урагш 12 километрт байрлана. Салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нуурыг Ганга нуур гэж нэрлэжээ. Тус нуур нь дөрвөн ам километр талбайтай бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ.

Хунгийн чуулган

Жил бүрийн намар Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг саатан, чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнө хэсгээр байдаг олон нуур цөөрмүүд юм.

Егүзэрийн хийд

Егүзэрийн хийд нь 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар байгуулагджээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Чоно голын хойд дэнж дээр байгуулагдсан бөгөөд Цагаан овоо, Хуран, Алтан овоо, Чандмань зэрэг дөрвөн тахилтат уулын дунд байрладаг байна.