Цэцэрлэг хүүхэд хардаг биш, тэднийг хөгжүүлж, илүү сайнаар хүмүүжүүлэх үүрэгтэй газар. Энэ үүргийг гүйцэтгэгч нь багш. Бүлгийн багш ангийнхаа хүүхэд нэг бүрийг анхаарч, бүгдэд нь хүрч ажиллах боломжгүй. Харин энэ ажлыг голлон гүйцэтгэж, бүлгийн багшийн ачааллын тэн хагасыг нуруундаа үүрэгч нь туслах багш юм. Цэцэрлэгийн туслах багш гэхээр бараг бүх хүн эмэгтэй хүнээр төсөөлдөг. Тэгвэл эрэгтэй туслах багшаар орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа нэгэн залуугийн тухай сурвалжиллаа.
Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн эрэгтэй туслах багш ердөө дөрөвхөн байдаг бөгөөд дөрвүүлээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бумбаалай хүүхдийн цэцэрлэгт ажилладаг. Тэдний нэг бол Энхтайваны Сүхбаатар юм.
Э.Сүхбаатар 1999 онд төрсөн, Түвшинширээ сумын уугуул. Мөнххаан суманд бүрэн дунд сургуулиа төгсөөд намар нь шууд энэхүү ажилдаа оржээ. Түүнийг хэн ч шахаж шаардаагүй. Хүүхэдтэй ажиллах чин хүсэл нь түүний замыг заажээ. Тэрээр богино хугацааны сургалтад хамрагдан бэлтгэгдсэн бөгөөд өдгөө зургаа дахь жилдээ цэцэрлэгийнхээ туслах багшаар ажиллаж байна. Хүүхдүүдээсээ, хамт олноосоо, ажлаасаа одоо ч суралцсаар яваа.
Э.СҮХБААТАР: ӨӨРИЙН ДУРЛАЖ СОНГОСОН АЖИЛДАА БИ ҮНЭХЭЭР ДУРТАЙ
Эхэндээ хүмүүст хийдэг ажлаа хэлэхээр гайхдаг байсан. Яагаад гэхээр энэ ажлыг эмэгтэй хүн л хийх ёстой гэж ойлгодог юм шиг байна лээ. Магадгүй манай аймагт биднээс өмнө эрэгтэй туслах багш байгаагүй болохоор тэр байх. Манай ажилд надтай адил цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг, үе тэнгийн дөрвөн залуу бий. Анх ороход мэдээж төсөөлснөөс арай өөр байсан. Үе үе шантардаг, ажлаа солимоор санагдаж байсан. Нэг удаа ажлаасаа түр гараад Улаанбаатар хотод очиж ажиллаж үзсэн. Гэхдээ тэр миний байх газар биш байсан. Миний ажил бол энэ цэцэрлэг л юм байна гэдгийг ойлгоод эргээд ирсэн дээ. Хүүхэдтэй ажиллах гэгээлэг, эерэг сайхан байдаг. Гэхдээ хүүхдүүдээсээ илүү хамт олноо маш их үгүйлсэн. Хамт олон гэдэг нэршил манайханд л яг тохирох үг мэт санагддаг. Одоо бол гарах, ажлаа солих тухай боддоггүй. Ажил маань бүр гарт орчихсон. Бас хүүхэдтэй ямар үед яаж харьцах вэ гэдгээ мэддэг болсон гэж Э.Сүхбаатар ярилаа.
Эднийх Бумбаалай цэцэрлэгийн бэлтгэл бүлэг. 30 орчим хүүхэдтэй. Өглөө ирэхэд нь тосож авахаас түүний ажил эхэлнэ. Унтлагын хувцсаа өмсөх, ороо засах хураах, босоод нүүр гараа угаах, хооллох гээд түүний оролцоогүй ажил үгүй. Зав зайгаараа охидынхоо үсийг жимбийтэл боогоод өгчихнө. Хүүхдүүдээ унтаж бах хойгуур багштайгаа хичээлийн бэлтгэлээ хангах, бүтээл урлах ажлаа амжуулдаг. Хором зүгээр суудаггүй. Ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүдийн хувьд асаргаа бага, багшийнхаа үгийг сайн авдаг байна.
Хүхдүүд эрэгтэй багшдаа илүү сайн. Багштайгаа ярилцлана, нууцаа хуваалцана. Хүүхдийн ингэж өөрт нь итгэж буй итгэлийг алдахгүй байх л хамгийн чухал. Хүүхэд тухайн өдөр ямар сэтгэл зүйтэй байна түүнд тохируулж харьцах шаардлага гардаг. Тэд дуулвал дуулж, бүжиглэвэл хамт бүжиглэнэ. Учир нь хүүхдүүд үүнийг л хүсдэг байна.
Ингэхээр би хүссэн хүсээгүй сэтгэл зүйч болчихдог. Цаашид өөрийгөө илүү хөгжүүлж, шат ахих зорилготой. Мэдээж үргэлж эрч хүч, эерэг энергийг авч байдаг ажилдаа чин сэтгэлээ зориулна. Хүн өөрийн хүссэн ажлаа хийнэ гэдэг чуухал шүү дээ. Нөгөө талаар энэ ажил маань намайг амьдралд сургаж байгаа гэдгийг тэрбээр хэлж байв. Хүүхдэд хайртай, хүүхдийн байгууллагад элэгтэй зан чанар нь түүнийг ийн БАГШ гэх эрхэм алдрын эзэн болгожээ. Багшаа гэж дуудуулах бүртээ Э.Сүхбаатар ажлаа, хүүхдүүдээ илүү ихээр хайрлана.
Эдний цэцэрлэг шинэ хичээлийн жил эхлэх бүрт туслах багш нараа бүлэг хооронд нь сольдог. Өөрөөр хэлбэл бүх багш нарыг өөр хоорондоо хамтарч ажиллаж үзэхийг санал болгодог. Багш Б.Урансайхан түүнтэй энэ хичээлийн жилээс нэг бүлэг хариуцаж байгаа. Э.Сүхбаатарыг ажилд нямбай, хариуцлагатай хамгийн гол нь хүүхдийн арга эвийг маш сайн олж чаддаг гэдгийг онцолж байлаа.
ХАМГИЙН БҮТЭЭЛЧ ЦЭЦЭРЛЭГ…
Сүхбаатар аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг бий. Тэдэн дундаа өнгө зүсээрээ өөрийн эрхгүй ялгардаг нь Мөнххаан сумын хүүхдийн цэцэрлэг. Цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод удаагүй. Өрөө тасалгаанууд бүгд стандартынх. Дээрээс нь тэд анги танхим, бусад өрөөнүүдээ маш сайхан тохижуулжээ. Ихэнхнийг нь багш ажилчид өөрсдийн гараар хийсэн. Тэр бүү хэл ангиудад үйлдвэрийн тоглоом цөөн харагдана. Мод, чулуу, хаягдал сав гээд гарын доорх материалуудыг ашиглан юу л бол юуг хийж, цэцэрлэгээ гоёсон нь үнэхээр хараа булаам. Энэ бүхэнд Э.Сүхбаатарын оролцоо их бий.
Тус цэцэрлэг 30 гаруй багш ажилтантай. Аж ахуйн болоод байгууллагын бүхий л ажилд хүн бүр тэгш оролцдог. Эмэгтэй ажилчид хүчрэхгүй зүйл их гардаг. Энэ бүхнийг хэдэн эрэгтэй багш нар маань л авч гардаг. Ер нь хамт олондоо маш их түшигтэй байдаг. Нөгөө талаар урлаг, спортын уралдаан тэмцээнд мэдээж эрэгтэйчүүд оройлон оролцож, ингэхдээ хэзээд хамт олныхоо урмыг хугалж байгаагүй тухай цэцэрлэгийн эрхлэгч Д.Ариунмөнх хэллээ. Багш ажилчдынхаа ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд сургуулийн насны хүүхдүүдийн өрөө, номын сан, урлагийн заал, багш хөгжлийн төв зэргийг байгуулжээ. Тэр бүү хэл орон нутагтаа анх удаа багш ажилчдын цайны газрыг цэцэрлэгтээ байгуулсан байна.