Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МОНГОЛ БИЧГИЙН АВАРГА УНШИГЧИЙГ ШАЛГАРУУЛАВ

Аймгийн Нийтийн номын сангаас санаачлан “Монгол бичгийн аварга уншигч”-ийг шалгарууллаа. Ингэхдээ гурван насны ангилалаар оролцогч тус бүрээс минутын уншлага авч, хамгийн олон үгийг зөв уншсан оролцогчийг аварга уншигчаар өргөмжлөв.

Тодруулбал 6-7 дугаар ангийн төрөлд 64, ЕБС-ийн 8-12 дугаар анги МСҮТ-ийн ангилалд 58 сурагч, насанд хүргэсдийн ангилалд 16 хүн нийт 138 уншигч оролцсон байна. Аймгийн төвийн дөрвөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн суралцагчдаас гадна Түвшинширээ сумын ЕБС-ийн сурагчид зорин ирж оролцжээ. Улмаар 6-7 дугаар ангийн ангилалд нэгдүгээр сургуулийн сурагч н.Баттүшиг 103 үг, ЕБС-ийн 8-12 дугаар анги МСҮТ-ийн ангилалд мөн нэгдүгээр сургуулийн сурагч Т. Анужин  94 үг, насанд хүрэгчдийн ангилалд XI цэцэрлэгийн багш С. Өнөржаргал 157 үгийг уншиж тэргүүлжээ. Оролцогчдын шагналыг “Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2023” үйл ажиллагаан дээр гардуулах аж.

Уралдааныг ахмад багш С.Оюунцэцэг удирдан явуулсан бөгөөд Хүмүүн бичиг сонинг уншлагын гол хэрэглэгдэхүүнээр сонгосон байна. Монгол үндэсний бичиг соёл, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, судлах, монгол бичгээ сурч эзэмших, хойч үедээ өвлүүлэх, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилго бүхий аварга уншигч шалгаруулах уралдааныг цаашид уламжлал болгон зохиохоор тогтжээ.