Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МОД ТАРЬЖ, УРГУУЛАХАД ЗӨВЛӨН ТУСЛАХ СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЛЭЭ

Орон нутагт мод тарьж, ургуулах чиглэлээр албан байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, сумын ЗДТГ-тай хамтран ажиллах сургагч багш нар бэлтгэгдлээ. Тус аймгийн хэмжээнд сум тус бүрт гурван сургагч багш уг үйлчилгээг үзүүлнэ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-наас мод тарьж, ургуулахад зөвлөн туслах 1000-н сургагч багшийг бэлтгэж, мэргэшүүлэх багц сургалтыг зохион байгуулж байгаа. Сургалтаар мод үржүүлгийн газрын тухай ойлголт, модны төрөл зүйлийн сонголт, тарьц суулгацыг үржүүлэх арга, ойжуулалт нөхөн сэргээлтийн технологи, хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлт зэргээс суралцаж, хээрийн дадлагат гарч ажиллажээ.

Уг сургалтад Сүхбаатар аймгаас нийт 35 хүн хамрагдаж, аймгийн БОАЖГ-аас гэрчилгээгээ гардан авчээ. Тэд энэ өдрөөс сургагч багшийн үүргээ гүйцэтгэх бөгөөд мод тарих, арчлах, хамгаалах чиглэлээр хүссэн хүн бүрт зөвлөгөө өгөх үүрэгтэй.