Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Л.БАЙГАЛМАА:ЗӨВ БОДЛОГО, ЗӨВ ХАМТРАЛЫН ҮР ДҮН ИНГЭЖ Л ГАРАХ ЁСТОЙ

2023 оны ЭЕШ-ын дундаж оноогоор урьдчилсан байдлаар Сүхбаатар аймаг улсдаа тэргүүлсэн. Тус аймгийн хэмжээнд 540 гаруй шалгуулагч 10 хичээлээр шалгагдаж дундаж оноо 519,71 гэсэн үзүүлэлтээр тэргүүлжээ. Энэ бол аймаг төдийгүй боловсролын салбарын хувьд анхдагч үйл явдал юм. Энэхүү түүхэн үйл явдлын талаар аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаатай ярилцлаа.

Та бүхэнд баяр хүргэе. Үнэхээр түүхэн амжилтыг үзүүлж чадлаа шүү дээ?

Маш их баярлалаа. Бид ЭЕШ-ын оноогоо дээшлүүлэхийн тулд олон жил хичээж, зорилго тавьж, тодорхой бодлого барьж ажилласан. Энэ бүхнийгээ хэрэгжүүлэхийн тулд янз бүрийн л арга замаар ажиллаж үзлээ. Байгалийн ухааны хичээлүүд бол ялангуяа өмнөх жилүүдэд дандаа л арваас хойш байранд байсан. Гэхдээ үүнийг өнөөдрийн энэ зэрэгт авч ирэх өргөс авахтай адил амархан байгаагүй л дээ. Олон жилийн хамтын ажиллагаа, зүтгэл дээрээс нь төр засгийн бодит дэмжлэг маш чухал байлаа. Тухайлбал, 2015 оноос эхлэн математикийн сургалтдаа анхаарч чадварлаг мэргэжлийн багшийг урилгаар авчирч байсан. Олон жилийн хичээл зүтгэлийн дараа энэ жил ёстой л топ амжилтаа бид үзүүллээ.

Энэ амжилт мэдээж салбарын зөв бодлого, зөв үйл ажиллагаанаас шууд хамаарах байх?

Тэгэлгүй яахав. Бид бүх хичээлээ л тэгш шалгуулчих юмсан гэж мэрийсэн. Энэ жил математик дээр үнэхээр онцгой амжилт үзүүллээ. Энэ бол цохон тэмдэглэхээс аргагүй явдал. Ер нь нийт шалгуулагчдын 70 орчим нь математикийн хичээлээр шалгуулдаг, улсын хэмжээнд. Манайх энэ жил 68 хувьтай байлаа. Дээр хэлсэнчлэн олон жилийн зорилго зорилт маань энэ жил биелэсэнд манай салбарынхан үнэхээр баяртай байгаа. Энэ бол хүүхэд болгоны зүтгэл хариуцлага, хүүхдээ бэлтгэж буй багшийн ур чадвар сэтгэл, гуравдугаарт салбарын болоод сургуулиудын зөв менежмент нь амжилтын үндэс юм.

Одоогийн байдлаар урьдчилсан дүнгээр тэргүүлж байна гэж үзэж байгаа. Яг эцсийн байдлаар хэзээ дүнг зарладаг юм бэ. Энэ хугацаанд өөрчлөлт орно гэж байх уу?

Бид шалгалт эхэлсэн өдрөөс л оноогоо нэг бүрчлэн хөтлөөд, бусад аймгуудтай харьцуулж ажиглалт хийж байсан. Улс орон даяар ЭЕШ-ын эцсийн оноо намар гардаг. Гэхдээ мэдээж бүх шалгалтын дүн мэдээ ил болчихдог учир урьдчилсан дүн гарна л даа. Манайх энэ оны ЭЕШ-аар түүх 1, газарзүй 2, англи хэл 4, математик 1, монгол хэл 5, нийгэм 7, хими 8, биологи 9, физик 13, орос хэл 15 гээд 10 хичээлээс найман хичээлээрээ эхний аравт жагсаад байна. Үүнээс таван хичээлийг эхний тавд оруулж чадлаа. Одоогоор шалгуулагчдын нийт онооны дундаж 519,71 байна. Ийм үзүүлэлттэйгээр тэргүүлж байгаа. Увс, Дархан, Орхон, Дорнод гэсэн аймгууд араас эхний тавд бичигдэж байна. Эцсийн дүн гарахад өмнөх оны шалгуулагчдын дүнг хасдаг. Ингэхээр бага зэрэг дээшээ доошоо гүйж өөрчлөлт орох нь бий. Гэхдээ манай аймгийн хувьд харьцангуй гайгүй гэж үзэж байгаа.

Өмнөх оноос хичнээн төгсөгч шалгалтад орсон бэ?

Өмнөх оноос 60-аад төгсөгч орсон. Улсын хэмжээнд арай доогуур оноог өмнөх оны төгсөгчид авсан байна. Харин манай энэ жилийн төгсөгчид бүгд бүх хичээлийн дундаж оноо нь 500-аас дээш гарсан. Тийм учраас энэ жилийн төгсөгчдийг маш хариуцлагатай байж, сонголтоо зөв хийсэн хамгийн гол нь жигд суралцсан гэдгийг хэлэх нь зөв. Ажиглаад байхад манай төгсөгчдийн гүйцэтгэл, дундаж үнэлгээ маш жигд байсан. 800 оноо гэдэг бахархалтай амжилт. Үүнийг мэдээж бид авахыг хүсдэг. Гэхдээ нийт онооны дундаж бол 800 оноо хэд байхаас хамаарахгүй гэдгийг л харууллаа.

Энэ амжилтад төр засгийн бодит дэмжлэг, үе шаттай хөрөнгө оруулалтууд ч дэм болж байгаа байх?

Тэр мэдээж. Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын залуус яаж орон нутгийнхаа багш нарыг дэмжих замаар сургалтын үйл ажиллагаанд ахиц гаргах вэ гээд анх ирж байсан. Ялангуяа байгалийн ухааны хичээлийн үзүүлэлтийг хэрхэн дээшлүүлэх вэ, ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байх вэ гээд ярилцсан. Ингээд залуус маань Шилдэг багш шалгаруулах уралдаанаа зарласан. Энэ бол мэдээж багшийн ажилдаа илүү дурлах шалтгаан болж,тэдэнд урам зориг, итгэл өгсөн томоохон төсөл болсон. Хамгийн гол нь үүгээр дамжуулан багшийн арга зүйг сайжруулсан. Багшийн арга зүй сайжирна гэдэг сургалтын чанарт, хүүхдүүдийн хичээлдээ хандах хандлагад, хариуцлагатай байхад гээд олон зүйлд хөшүүрэг болж байгаа. Ерөөсөө л багш нарыг дэмжих, ажлыг нь үнэлэх замаар сургалтыг сайжруулж буй үйл ажиллагаа. Энэ бүх хөрөнгө оруулалтын үр дүнг мэдээж хүүхдүүд л хүртэнэ. Нөгөө талаар манай орон нутаг ч боловсролын салбараа сайн дэмждэг. Олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна, бүх багш нарыг компьютержүүлэх гэж байна.  Энэ бүхний хариуг бид яг ийм л амжилтаар барих ёстой. Зөв бодлого, зөв хамтралын үр дүн ингэж л гарах ёстой.

Зарим хүмүүс эдгээр залуусыг зүгээр нэг уралдаан л зарладаг гэж хараад байна л даа. Гэтэл энэ үйл ажиллагаа цаагуураа олон талын ач холбогдолтой юм байна шүү дээ?

Яг үнэн. Хамгийн наад захын жишээ гэвэл манай залуус өөрсдийнхөө багш байсан М.Эрдэнэ багшид санхүүжилт олгоод орон нутагтаа математикийн тогтмол сургалт явуулж эхэлсэн. Үүнд сурагчид төдийгүй манай залуу багш нар хүртэл хамрагдсан. Үнэхээр үр өгөөжтэй сургалт байсан нь энэ удаагийн шалгалтаар харагдлаа. Мөн залуу багш Д.Өсөхбаяр маань орон нутагтаа ирж сургалтаа хичээллүүлсэн. Цаашид ч математикийн сургалтаа үргэлжлүүлэх байх. Дараа нь англи хэлний олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор гучаад хүүхэд хамрагдаад байгаа. Энэ хүүхдүүдээс Toefl-ийн шалгалт авахад бүгд 600-аас дээш оноо авсан. Одоо тэд үргэлжлүүлэн гурван жил англи хэлээ гүнзгийрүүлэн судална. Ингэхээр тэндээс англи хэлээр 800 оноо авах төгсөгч гарахыг үгүйсгэхгүй. Энэ мэт олон талын дэмжлэгийг манай залуучууд үзүүлж байгаа. Ганцхан тэр уралдаан биш л дээ. Анх төслөө эхлүүлэхдээ буюу хоёр жилийн өмнө, бид аймгаа улсад тэргүүлэгч аймаг болгоно гэж тайзан дээрээс зарлаж байлаа. Тухайн үед яана даа яаж энэ итгэлийг даах билээ гэж эмээж байсан. Ингээд бид салбараараа хичээсэн, зүтгэсэн. Үүний ачаар хоёр жилийн дотор залуусынхаа хүслийг биелүүллээ.

Аймагтаа Баруун-Уртын хоёрдугаар сургууль тэргүүллээ. Хөдөө сумдынхан бас сайн шалгуулсан байна лээ?

Хоёрдугаар сургууль хоёр дахь удаагаа аймагтаа тэргүүлж байгаа. Энэ удаад ч онооны нилээн зөрүүтэйгээр тэргүүллээ. Эхний тавд төвийн гурван сургуультай Мөнххаан, Түвшинширээ сумдын сургуулиуд шил залган орж ирсэн. Бусад сумдын сургуулиуд ч бүгд өмнөх жилээсээ ахисан байна. Массаараа ахиж дэвшсэн онцгой нэгэн жил байлаа.

Ярилцсанд баярлалаа?

Баярлалаа. Эцэст нь боловсролыг дэмждэг, үргэлж хамтардаг бүх хүмүүстээ, дор бүрнээ хичээл зүтгэл гаргасан сурагчдадаа, багш нартаа дахин баярлалаа гэж хэлье.