Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МОГОЙД ХАТГУУЛАХ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА

Сүүлийн өдрүүдэд могойд хатгуулсан гэх өгүүлэмжтэй АНЭ-т хандах иргэдийн тоо нэмэгджээ. Одоогоор нийт 12 иргэн могойд хатгуулсан нь тогтоогдоод байгаа бөгөөд үүнээс хоёр иргэний биеийн байдал хүндэрч, ой гарантай хүүхдийг ГССҮТ-д хүргэн яаралтай хагалгаанд оруулсан бол 53 насны эмэгтэйн биеийн байдал маш хүнд АНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Хагалгаанд орсон хүүхдийн биеийн байдал сайжирсан, сэргээн засах эмчилгээнд орж эхэлсэн. 12 тохиолдлын ес нь 1-5 насны хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хөдөө болон аялал зугаалгаар явахдаа битүү хувцас өмсгөхийг онцгойлон анхааруулъя. Мөн могойд хатгуулсан тохиолдолд цусыг сорох, дур мэдэн тос, эм түрхэхгүй байх нь хамгийн чухал. Хатгуулсан хэсгийг боож, хөл юмуу гар бол дээш сойн өөрт ойр эрүүл мэндийн байгууллагад хандахыг АНЭ-ийн мэс заслын их эмч Ц.Алтансүх санууллаа.

Могой зөвхөн хөдөөд бус аймаг, сумын төвд, усан дотор, хураасан аргалд, айлын амбаарт гээд хаа ч байх магадлалтай. Мөн энэ жил хур бороо их байгаатай холбоотойгоор могой элбэгшсэн. Хортой хоргүй олон төрлийн могой байх магадлалтай гэдгийг ч анхаарууллаа. Тиймээс иргэн бүр анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ болон өөрийгөө хамгаалах шаардлагатай. Учир нь могойд хатгуулаад хүндэрсэн тохиолдолд амь насанд ч эрсдэлтэй гэв.