Аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдын 45 хувь нь орон сууцанд амьдардаг бөгөөд үүнээс 30 орчим хувь нь ипотекийн зээлд хамрагджээ.
Харин 36 хувь нь гэр хороололд амьдардаг бол 15 албан хаагч түрээсийн байранд амьдарч байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн батлагдсан орон тоо 312. Байгууллагыг нарийн мэргэжлийн их эмчээр хангах ажлыг тогтмол хийж байгаа ч хангалттай биш. Нэн дутагдалтай орон тоо болох сувилагчийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд аймаг орон нутгийн дэмжлэгээр эмнэлгийн ажилчдыг сувилагчаар сургах ажлыг эхлүүлсэн. Үүний үр дүн удахгүй тодорхойлогдоно. Одоогоор инженер, техникийн ажилтнууд шаардлагатай байгааг Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Алтантуяа танилцууллаа.
Цаашид Аймгийн нэгдсэн эмнэлгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, одоо байгаа эмч мэргэжилтнүүдээ тогтвортой байлгахын тулд нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх нь хамгийн чухлыг тодотгов. Өөрөөр хэлбэл эмнэлгийн ажилчдын орон сууцны хороололтой болох, орон сууцны зээлд хамрагдах ажилчдын тоог нэмэгдүүлж, урьдчилгааны хувийг бууруулах, эмч, ажилтнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэлний сургалт, туршлага судлах гадаад томилолтод хамруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатайг санууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонссон юм. Улмаар дээрх санал санаачилгуудыг үйл ажиллагаандаа тусгаж, орон нутгийн төсвийн тодотголыг хэлэлцэхтэй холбоотойгоор нэн шаардлагатай зардлыг тусгаж ажил хэрэг болгохыг зорино гэдгээ илэрхийллээ.