Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Ч.Түмэннаст агсны нэрэмжит Хун бүжгийн наадамд 180 гаруй хүүхэд оролцлоо

“Дарьганга” бүжгийн 50 жилийн ойг тохиолдуулан МУСТА, бүжиг дэглээч Ч.Түмэннаст асгны нэрэмжит Хун бүжгийн наадам боллоо. Тус наадамд 11 сумын 180 гаруй авъяаслаг хүүхэд багачууд Зүүн монголын Халх, Буриад, Үзэмчин, Барга, Дарьганга, Хамниган зэрэг үндэстэн, ястны бүжгээр өрсөлдсөн юм.

Сүхбаатар аймаг 2023 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох, тэдний авьяас чадварыг нэмэгдүүлж, Зүүн монголын бүжгийн уламжлал дэгийг түгээн дэлгэрүүлж, сурталчилах нь бүжгийн наадмын гол зорилго юм. Бага дунд ахлах анги гэсэн насны ангиллаар гоцлол болон хамтлаг бүжгээр оролцогчид өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ.

Нэрт бүжиг дэглээч Ч.Түмэннаст нь 1988-1996 онд Сүхбаатар аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т бүжиг дэглээчээр ажиллаж байсан. Түүний бүжиг дэглэлтийн гол онцлог бол дорнын уудам тал нутгийнхны дөлгөөн тогтуун, намуун ааш аяг, эмэгтэй хүний донж маяг, эрхэмсэг байдлыг илүү түлхүү харуулдаг. Хамгийн том жишээ бол МУГЖ Доржцэрэнгийн аялгуунд дэглэсэн Дарьганга, Халх, Гангын бүсгүйчүүд бүжиг юм. Мөн тал нутгийн морьтон залуусын эрэмгий байдал, цог жавхаа , хүн байгалийн шүтэлцээний тухай өгүүлсэн “Тал нутгийн залуус” , “Мазурка” , “Гангын домог”, ” Сүргийн бэлчээрт, Ухаарал”, “Гал голомт” зэрэг бүжгүүдийг дэглэсэн нь өдгөө ч тайзнаа тоглогдсон хэвээр байна.

Хун бүжгийн урлагийн наадмыг Соёл,урлагийн газар, аймгийн Засаг даргын тамгын газар, Жаахан шарга театр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ.