Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгааг анхаарууллаа

АНЭ-ийн Хүүхдийн тасгаас томуу томуу төст өвчний нөхцөл байдал болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч байна. Учир нь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, хүүхдийн тасаг нэмэлтээр 10 ор дэлгэжээ.

2023 оны 49 дэх долоо хоног буюу өнөөдрийн байдлаар АНЭ-т 241 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 62 нь амьсгалын замын эмгэг, хүүхдийн тасагт 54 эмчлүүлэгч байгаагаас 50 буюу 92 хувь нь мөн тус өвчний хүндрэл болох уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүнд хоёр, хүндэвтэр зургаан хүүхэд байна. Насны байдлаар авч үзвэл дийлэнх хувийг 0-5 насныхан эзэлж байна.

Томуу, томуу төст өвчний  дэгдэлт их байгаатай холбоотойгоор амбулаторт хүүхдийн кабинетийг нэмэгдүүлж, өдрийн эмчилгээг эхлүүлж, хүүхдийн мэргэжлийн хоёр эмч ажиллаж байна. Мөн хүүхдийн эмч нар 24 цагаар утсаар зөвлөгөө өгч байна. Томуу, томуу төст өвчний  шинж тэмдэг илэрмэгц эрүүл мэндийн байгууллагад хандах, харин өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, асаргаа сувилгааг гэрээр сайн хийж, гэрийн дэглэм сахих ёстой гэдгийг АНЭ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч А.Ууганцэцэг анхаарууллаа.

Амбулаторийн үзлэгийн 8,3 хувь, түргэн тусламжийн дуудлагын 24 хувийг амьсгалын замын эмгэгийн тохиолдол эзэлж байна.