Өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ОБГ-т цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хүн төөрч алга болсон зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Одоогоор таван иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тодруубал, Онцгой байдлын газар, Дарьганга, Баяндэлгэр сумдын Засаг даргын Тамгын газраас нийт 32 хүн, найман автомашинтай эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж таван иргэнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн бол Баяндэлгэр суманд малдаа яваад төөрч алга болсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБГ-аас мэдээллээ.
Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, цасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу болж, замд явахад хүндрэл учирч буй. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг сайтар сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг онцгойлон анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслийнжолоочид авулгүй байдлаа хангаж, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг ОБГ-аас анхаарууллаа.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ОБГ-т эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага тав, цасанд суусан, автомашин тэрэг эвдэрсэн 11 дуудлага, мэдээлэл ирж, тус газраас давхардсан тоогоор 64 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэй гарч 128 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж 62 том хүн, 4 хүүхдийг авран хамгаалж ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгч ажилласан байна.