
Наран суманд 100 хүүхдийн суудалтай цэцэрлэгийг ашиглалтад хүлээн авлаа.
БШУЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын захиалгаар, улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Голомт Өргөө ХХК барилгын ажлыг гүйцэтгэжээ. Улмаар аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.
Тус барилга нь хоёр давхар, 30х12 харьцаатай, өрөгт бүтээцтэй, доод давхартаа зоорьгүй. Төвлөрсөн дулааны шугам, бохир усны систем, интернет сүлжээнд холбогджээ.
Хэдийгээр шинэ барилгыг улсын комисс хүлээн авсан ч одоогоор хуучин байрандаа танхимаар хичээллэж байна. Ирэх хавраас буюу урин цаг ирэхээр шинэ байрандаа нүүж орохоор төлөвлөж байгаа. Үүний өмнө гал тогоо, зөөлөн эд гээд тохижилтоо хийх ёстой. Эдгээрийг яамнаас олгоно. Бидний хувьд шаардлагатай бичиг баримтуудаа бэлэн болгоход анхааран ажиллаж байгаа гэж цэцэрлэгийн эрхлэгч Ж.Хүрэлчимэг хэллээ.
Наран сумын хүүхдийн цэцэрлэгт 120 хүүхэд явдаг. Өнөөдрийн байдлаар ирц 80 орчим хувьтай байна гэлээ.