Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Зургаан багшид тус бүр 20.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Орон нутагт эрэлттэй мэргэжлээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болон өөр аймгаас шилжин ирж ажиллаж буй багш нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж тус бүр 20,0 сая төгрөгийг олгов.

Энэхүү дэмжлэгт Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн мэдээлэл зүйн багш Д. Буд, дөрөвдүгээр сургуулийн бага ангийн багш Б. Нармандах, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт шилжин ирж ажиллаж байгаа Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын  дөрөвдүгээр сургуулийн математикийн багш Д. Өсөхбаяр, Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний багш А.Ариунаа, Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш С.Оюунгэрэл, Халзан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш С.Энхбаяр нар хамрагдаж, орон нутгаас нийт 120.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.

Өнгөрсөн жил тус аймаг ЭЕШ-ын оноогоороо улсад тэргүүлсэн. Мөн математикийн хичээлийн дундаж оноогоороо анх удаа улсад тэргүүлэхэд багш Д.Өсөхбаярын үүрэг оролцоо их. Тэрээр математикийн хичээлээр сурагчдад давтлага өгч, улс бүсийн олимпиад болон ЭЕШ-д сурагчдыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэдэг бөгөөд ур чадвар, заах арга зүйгээрээ орон нутагтаа үнэлэгддэг багш юм.